ОРХОН: Шилжин ирэгсдэд зориулж орон сууцны хорооллуудаа нэмж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-11-30 09:56:47
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хөдөөгийн сэргэлт” бодлогод нийцүүлэн Орхон аймаг орон сууцны хорооллоо нэмэгдүүлж, газраа дахин төлөвлөж байна.


Дахин төлөвлөлтийн хүрээнд Уурхайчин багт 1,3 га газарт 168, Найрамдал багт 11,9 га газарт 1200 айлын орон сууц,  Говил багт 22,9 га газарт үйлдвэр, үйлчилгээний төв болон орон сууц барина.


Гэр хорооллыг орон сууцжуулах зорилгоор Их-Залуу багт 40,8 га, Чандмань багт 3,5 га, Оюут багт 4,1 га, Баянцагаан багт 3,5 га газарт барилга барина. Мөн эрчим хүчинд хэмнэлттэй, ногоон амины орон сууцны хотхоныг Эрдэнэ, Оюут багт төлөвлөж байна. Үүний дүнд 5000 айлын орон сууц ашиглалтад орно.


Орхон аймаг хөгжлийн зураглалаа инженерийн шугам сүлжээний шинэчлэлт болон дахин төлөвлөлтөд чиглүүлсэн. Газар нутаг багатай, хүн ам нягт суурьшсан аймагт газраа дахин төлөвлөж инженерийн шугамаа шинэчилж байж өөрчлөлт бий болно. Сүүлийн гурван жилд Орхон аймаг ирээдүйн 50 жилийн хөгжлийн шинэчлэлтээ эхлүүлээд байна. 


Ташрамд дурдахад, Орхон аймагт жилд дунджаар 2500 хүн шилжин ирдэг. Үүний 500 орчим нь Улаанбаатар хотоос ирдэг ажээ.

 

Холбоотой мэдээ