Зөвхөн самнасан ноолуурыг 7 дугаар сараас экспортолно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Энэ жил өвөлжилт хаваржилт хүнд, зудтай байснаас малчид ноолуураа хожуу самнаж эхэлсэн байна.
ХАА-н түүхий эд, бараа
бүтээгдэхүүний биржийн мэдээллээр малчид өнгөрсөн жил 4 дүгээр сарын 10-наас
эхлэн ноолуур тушааж байсан бол энэ жил 4 дүгээр сарын 20-нд эхний ноолуур орж
иржээ. Зудад 3 сая ямаа хорогдсон дүнгээр тооцоход энэ хаврын ноолуур бэлтгэл
нэг мянган тонноор дутуу байх талаар мэдээллээ.
“Малчин лавлах-109”
мэдээллийн төвийн мэдээллээр өнөөдрийн байдлаар ноолуурын үнэ кг нь:
Зүүн бүсийн аймгуудад
150.000-155.000 төгрөг,
Баруун аймгуудад 150.000-155.000
төгрөг,
Төвийн аймагт мөн 150.000-155.000
төгрөг,
Говийн аймгуудад
120.000-140.000 төгрөгийн үнэтэй байна.
Өнгөрсөн оны хавар кг нь 160 мянган төгрөгөөс эхэлж байсан ноолуурын үнэ ханш энэ хавар 185 мянган төгрөгөөс эхэлжээ. Ноолуур кг нь 120-155 мянган төгрөг байна.
Манай улс
ноолуурыг угаасан болон самнасан байдлаар экспортолж байна. Засгийн газраас 2022
оны 10 дугаар сарын 19-нд гаргасан тогтоолоор ноолуурыг зөвхөн самнасан хэлбэрээр
гаргахаар болсон. Уг тогтоолыг энэ оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх юм.
Самнасан ноолуурын гол
импортлогч орон нь Итали улс болжээ. Удаалаад БНСУ, Энэтхэг, Франц, Япон зэрэг
улс орж байна. Угаасан ноолуурыг 100 хувь БНХАУ-д гаргадаг.
Нэмж мэдээлэхэд, манай улс сүүлийн жилүүдэд
дунджаар 9500 тонн ноолуур бэлтгэж байна. Үүнээс 7000 тонныг экспортод
гаргадаг. Үлдсэн 2500 тонныг дотоодын үйлдвэрүүд боловсруулж, эцсийн
бүтээгдэхүүн болгож арилждаг. 2023 онд ХАА-н биржээр дамжуулан 6300 тонн
ноолуур экспортод гаргажээ.