АРХАНГАЙ: "Аяллаа Архангай -2024" цагаан идээний үзэсгэлэн гаргалаа

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2023-10-02 12:58:31

Эрдэнэбулган, 2023 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/Архангай аймгийн хөгжлийн гол хөшүүрэг нь хөдөө аж ахуй мөн аялал жуулчлал юм.


Тусдаа салбар мэт боловч аялал жуулчлалын салбарт нэгдмэл ойлголт болно. Ийм ч учраас "Аяллаа Архангай -2024" аялал жуулчлалын нэгдсэн форумын үеэр сав баглаа боодол бүхий сүү, цагаан идээний үзэсгэлэнг гаргаж, оролцогчдод Архангай нутгийн брэнд бүтээгдэхүүн цагаан идээг амтлуулж, худалдан авалт хийх боломжийг олгосноос гадна гадны жуулчин авч ирдэг тур оператор компаниудтай хамтарч ажиллах гэрээ байгуулжээ.


Үзэсгэлэн худалдаанд аймаг, сумдын 26 аж ахуй нэгж, иргэн стандартад нийцсэн сав баглаа боодолтой, аялал жуулчлалын брэнд болгож чадаж буй бүтээгдэхүүнүүдээрээ оролцож, 500.000- 3.000.000 төгрөгийн орлогыг олжээ. 


Үзэсгэлэн худалдаанд вакумжуулсан сүүн хурууд, ширгээмэл, ээзгий, мөн цагаан идээний багцууд, ээзгийтэй хэвийн тос, шар тос, шар сүүний ундаа, чихэр гэх мэт нутгийн брэнд бүтээгдэхүүнүүд голлосон байлаа.


Сүүн хурууд 35000, цөрмөн ааруулууд 20000-25000, цагаан идээний багц 80000, ээзгий 500 гр нь 10000, зөөхий 20000, өрөм 7000-25000 гэх зэргийн үнэтэй байв.


Цагаан идээний үзэсгэлэн худалдааны үеэр гаднаас ирсэн зочид төлөөлөгч нарт цагаан идээ амсуулж, хамгийн амттай идээг эхний гурван байраар шалгаруулж, 2.0 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан юм.