Бодит түүхээс сэдэвлэсэн “Хөхөөний үүр” кино үзэгчдэд хүрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-09-19 14:38:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Кино цамхаг” студийн бүтээл "Хөхөөний үүр" уянгын драмын уран сайхны кино энэ сарын 27-нд үзэгчдийн хүртээл болно.

Эл бүтээлд эх үрийн ариун нандин, хэзээ ч үл тасрах холбоог харуулж, бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ.

Сүүлийн жилүүдэд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах болсон үр хөндөлт, хил давуулж хүүхдээ худалдаалах гэмт хэргийн асуудлыг энэхүү бүтээл хөнджээ. Киноны ерөнхий продюсерээр жүжигчин Ө.Мөнгөнтулга, ерөнхий найруулагчаар Б.Цогт-Эрдэнэ, хөгжмийн зохиолчоор Б.Бат-эрдэнэ нар ажилласан байна.

Кино зохиолыг С.Баярсайхан, Б.Цогт-Эрдэнэ нар бичсэн бол гол дүрд залуу жүжигчин Р.Нандинцэцэг, туслах дүрүүдэд Э.Пүрэвжаргал, ӨМӨЗО-ы жүжигчин С.Сайшингаа, Ж.Алтангуа, Б.Наянтай нар тогложээ.

“Кино цамхаг” студийн уран бүтээлчид өмнө нь аймшиг, триллер чиглэлийн 6 кино хийж үзэгчдийн хүртээл болгож байсан бөгөөд энэ удаад уянгын драмын бүтээлээр ийнхүү ур чадвараа харуулах нь. 

Холбоотой мэдээ