Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-04-16 12:01:44

БЭЭЖИН, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /CNN/. Оны эхний улиралд Хятадын эдийн засгийн өсөлт урьдчилан таамаглаж байснаас илүү өндөр үзүүлэлттэй гарлаа.


Хятадын Үндэсний статистикийн товчооны мэдээлснээр, дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 5.3 хувиар өссөн байна. Энэ нь эдийн засагчдын дунд явуулсан Ройтерсагентлагийн санал асуулгаар дэвшүүлж байсан өсөлтийн таамаглалаас /4.6 хувь/ давсан үзүүлэлт болжээ. Мөн өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 5.2 хувиар өсөж байсантай харьцуулахад ахисан байна.  


Хятадын үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын менежерийн индекс /PMI/ сүүлийн зургаан сарын хугацаанд анх удаа өссөнийг өнгөрсөн сард танилцуулсан албан ёсны судалгаа харуулсан юм. Түүнчлэн Caixin/S&P-ийн үйлдвэрлэлийн PMI индекс ч мөн адил гадаадын зах зээлд эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор сүүлийн нэг жил гаруйн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.


Хятад улс энэ онд эдийн засгийн өсөлтийг 5 хувьд хүргэх зорилт тавьсан бол хэрэглэгчдийн болон бизнесийн итгэл сул хэвээр байгаагаас гадна үл хөдлөх хөрөнгийн салбар уналтад ороод байгаа тул олон шинжээч уг зорилтыг амбицтай гэж үзэж байв.


Эрх баригчид энэ онд банкны зээл олголтыг нэмэгдүүлэхийн тулд хүүг бууруулж, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор төв засгийн газрын зардлыг өсгөжээ.



関連ニュース