ДОРНОГОВЬ: Т.Эрдэнэбаяр: Муай тай боксын оргилд нь гарахыг хүсэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-04-16 10:32:53

Сайншанд, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул Түмэнбилэгийн Эрдэнэбаяр муай тай боксын хагас мэргэжлийн тулааны дэлхийн аварга болжээ.


Тэрбээр энэ оны гуравдугаар сарын 10-17-нд Тайландын Букет хотод болсон муай тай боксын хагас мэргэжлийн тэмцээний 54 кг жинд дэлхийн аваргын алтан бүсийг эх орондоо авчирсан байна. Эрдэнэбаяр хагас шигшээд Эквадор, Филиппиний тамирчныг буулгаж авсан бол финалд Вьетнамын тамирчныг ялж, алтан медаль хүртжээ.


Хүүхэд байхдаа найзыгаа дагаж кикбоксоор хичээллэж эхэлснээр тулааны зургаан төрлөөр Монгол Улсын аварга болж байв. Мөн санда боксын залуучуудын Азийн аварга болж байжээ. Тэрбээр “Өнгөрсөн жил би дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж байсан бол энэ жил алдаагаа засаж аварга боллоо. Цаашид муай тай боксын спортын оргилд нь гарахыг хүсэж байна. Дэмжиж тусалдаг гэр бүл, ээж аав, ах дүү найз нөхдөдөө талархаж буйгаа” дамжуулъя гэсэн юм.


Муай тай бокс нь тухайн тамирчинд зөв хүмүүжил, төлөв даруу зан суулгахаас гадна тэсвэр тэвчээр, өв тэгш бие бялдар, мэдрэмж, ур ухааныг олгодог байна.

関連ニュース