Нийт нутгийн 70 хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-04-15 19:03:58

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 7 хоногийн байдлаар бэлчээрийн ургамал нийт нутгийн 70 гаруй хувьд ургаж цухуйгаагүй байгаа тухай Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлжээ.

Завхан, Архангай, Дундговь аймгийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дорногвь аймгийн зарим сумын нутгаар тааруу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчих боломжгүй байдалтай байна.

Харин Булган, Сэлэнгэ аймгийн ихэнх, Увс, Ховд, Баянхонгор аймгийн цөөн сумын нутгаар дунд, Хөвсгөл, Дархан-Уул, Төв аймгийн зарим хэсгээр, Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Хэнтий, Дорноговь аймгийн цөөн сумын нутгаар хэвийн байна.

Ирэх 10 хоногт агаарын хэм нийт нутгаар олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-7.5 градусаар дулаан байна. Дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар хур тунадас олон жилийн дунджаас 70 гаруй хувьд ахиу, 30 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага оржээ.

Харин Баян-Өлгий аймгийн Сагсай суманд 8-10 см, Ховдын Мөст, Увс аймгийн Сагил, Түргэн, Давст, Баянхонгорын Шинэжинст суманд 3-4 см зузаан цастай байна. 

関連ニュース