Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-04-13 08:41:31

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний эхний хувилбарыг хэлэлцүүлэх уулзалт зохион байгууллаа.


БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга, Биологийн олон янз байдлын конвенцын үндэсний зохицуулагч Ц.Уранчимэг хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ “Дэлхийн биологийн олон янз байдлын хамрах хүрээ тунхаглалд тусгагдсан зорилтыг яаралтай хэрэгжүүлж эхлэх шаардлага тулгамдаж байгаа. Энэ нь манай гараг дээр амьдарч буй амьд оршихуй бүрийг хамгаалж үлдэх сүүлчийн боломж болж байна. Ганц жишээ дурдахад Монгол орны хөхтөн амьтдыг олон улсын Улаан дансны үнэлгээгээр үнэлж үзэхэд устаж буй, устаж болзошгүй, эмзэг ангилалд орсон хөхтөн амьтдын талаас илүү (52 хувь) нь амьдрах орчны хомсдол доройтлоос болж тоо толгой нь багасаж байгаа дүгнэлт гарсан”-ыг онцолсон юм.


Хэлэлцүүлгээр шинэчлэн боловсруулсан Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийн хүрээнд хэлэлцэж санал авахыг зорьжээ. Үүнд НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай суурь, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай, Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенцуудын Удирдах зөвлөл, Шинжлэх ухаан, техникийн хорооны гишүүд, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсоныг БОАЖЯ мэдээллээ.

 

関連ニュース