СҮХБААТАР: Бизнес эрхлэгчид тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-04-12 16:37:02

Баруун-Урт 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн бизнес эрхлэгчдийн 7 дугаар зөвлөгөөнҮйлдвэрлэгч аймаг болцгооё” уриан дор Баруун-Урт суманд болж байна.


Ээлжит зөвлөгөөнд найман сумын 100 орчим төлөөлөгч оролцож байна. Бизнес эрхлэгчдийн хувьд хөнгөлөлттэй зээлд хамрагдах, ажлын байрны хүртээмж, ажиллах хүчний хомсдол зэрэг тулгамдаж буй нийтлэг асуудал байдгийг хэлж байна. Тухайлбал, ОНХСийн зээлд хамрагдах иргэдэд тавьж буй шаардлага нь хэт өндөр, өөрөөр хэлбэл жижиг дунд болоод гарааны бизнес эрхлэгчид түүнийг нь хангах боломжгүй байдгийг ихэнх оролцогч тодотголоо. Мөн өнгөрсөн жилүүдэд зээл аваад төлөөгүй иргэдийг нэн даруй олж тогтоон зээлийг нь эргэн төлүүлж, дараа дараагийн бизнес эрхлэгчдэд боломж олгох нь зөв гэдгээ илэрхийлэв.




Өмнөх зөвлөгөөнүүд зөвхөн үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд болдог байсан бол энэ удаад худалдаа үйлчилгээ эрхлэгч, үйлдвэрлэгчид бүгд хамрагдаж, хамгийн гол нь төр, ТББ, бизнес эрхлэгчид нэгдэж чадсан гэдгээрээ онцлог. Хамгийн гол нь шат шатны хэлэлцүүлгээс гарсан санал, санаачилгыг аймаг орон нутгийн удирдлагуудад уламжилж нэн тэргүүнд хэрэгжих боломжтойг нь ажил хэрэг болгохын төлөө талууд хамтдаа зүтгэнэ, шаардлагаа тавина. Тэгж байж бид үр дүнд хүрэх учиртай. Нөгөө талаар улс орон нутгаас үзүүлж буй дэмжлэгээс гадна өөрсдөө хөрөнгө оруулалтыг татахын тулд хэрхэн санаачилгатай байх вэ гэдэг арга замыг хамтдаа эрэлхийлж байна. Бидний хувьд давуу тал бий. Сүхбаатар аймаг улсын хэжмээнд анх удаа ЖДҮ-ийг кластераар хөгжүүлэх бүрэн судалгааг гурван жилийн хугацаанд хийж, боловсруулсан. 18 ААНБ-ыг судалгаанд хамруулж, цаашид барьж ажиллах үндсэн чиглэлээ тодорхойлсон. Тиймээс асуудлаа хэлэлцээд, гарц гаргалгаагаа судалгаанд тулгуурлаад шийдвэрлүүлэхийн төлөө явах нь хамгийн том үр дүн гэж Сүхбаатар хөгжил ҮТП-ийн захирал О.Батсайхан хэллээ.



Аймгийн нийгэм эдийн засгийг дэмжих сэргээх, худалдаа үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг сайжруулах, чадавхжуулахын зэрэгцээ тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх гарцыг ээлжит зөвлөгөөнөөр хэлэлцэж байна.


Сүхбаатар аймагт ЖДҮ, өрхийн  үйлдвэрлэгч иргэн ААНБ 300 гаруй, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй, үйлчилгээний чиглэлийнх мөн тооны байдаг.


Зөвлөгөөн хоёр хоног үргэлжилнэ

関連ニュース