“Фольксваген” компани Хятадад 2.5 тэрбум еврогийн хөрөнгө оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-04-12 13:37:11

БЕРЛИН, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /DW/. Германы автомашин үйлдвэрлэгч “Фольксваген” компани Хятад дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд 2.5 тэрбум еврогийн /2.7 тэрбум ам.доллар/ хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ пүрэв гарагт мэдэгджээ.


Тус компани өөрийн хамгийн чухал зах зээлд тооцогддог Хятад улсад автомашиныхаа борлуулалтыг огцом бууруулахгүйн тулд дотоодын үйлдвэрлэгчидтэй өрсөлдөхийг эрмэлзэж буй үед энэхүү алхмыг хийж байна. 


Фольксваген олон тэрбум еврогийн хөрөнгө оруулалтыг зүүн нутгийн Аньхуй мужийн Хэфэй хот дахь үйлдвэрлэл, инновацын төвөө өргөжүүлэхэд зориулах ажээ.


Хэфэй дэх байгууламжид оруулах энэхүү нэмэлт хөрөнгө оруулалт нь тус бүсэд шинэлэг технологио өргөжүүлэх бидний хүсэл эрмэлзлийг илэрхийлж байна гэж “Фольксваген” компанийн Хятад дахь салбарын захирал Ральф Брандстаттер хэллээ.


Фольксваген нь Хятадын зах зээлд нэвтэрснээс хойш 40 жилийн нүүр үзэж байгаа бөгөөд 2023 оныг хүртэл олон жилийн турш хамгийн их борлуулалттай автомашины брэнд байсаар иржээ. Гэтэл өнгөрсөн онд Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Би-Вай-Ди”тэргүүлэгч байр сууриа алдсан юм.


Хятад улс дэлхийн цахилгаан автомашины борлуулалтын 69 хувийг эзэлдэг бөгөөд олон улсын нэр хүндтэй автомашин үйлдвэрлэгч компаниуд дотоодын автомашин үйлдвэрлэгчид болон ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Шяоми” зэрэг шинэ компаниудтай ширүүн өрсөлдөж байна.


Мөн “Фольксваген”-ы шинэ хөрөнгө оруулалт нь Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Икспенг” компанитай байгуулсан хамтарсан үйлдвэрт зохион бүтээсэн хоёр шинэ загварыг үйлдвэрлэхэд зориулагдана. Эдгээр хоёр загварын эхнийх нь 2026 онд худалдаанд гарах дунд оврын жийп машин юм.

関連ニュース