“Алтан чагнуур”-ын эзнээр шилдэг 15 эмч тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-03-30 10:30:44

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос “Алтан чагнуур” шилдэг эмч нарыг шалгаруулах хүндэтгэл ёслолын үйл ажиллагааг МҮЭ-ийн Соёлын төв ордонд зохион байгууллаа.


Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эмч, мэргэжилтнүүдэд хандан Дэлхийн эмч нарын өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр, Засгийн газар, ЭМЯ-наас эмч нарын өдрийг баяр ёслол гэхээс илүү эмч, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлж, тэдэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц шийдлийг хамтдаа эрэлхийлдэг өдөр болгож байна гэв.


Дэлхийн эмч нарын өдрийг Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо эмч нартаа талархах “Талархлын өдөр” болгон хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний шилдэг арга туршлагыг олон нийтэд сурталчлах зорилгоор тэмдэглэж байна гэдгийг тус холбооны тэргүүн Ч.Нарантуяа онцлон хэллээ.

Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос эмч нарыг алдаршуулах “Алтан чагнуур”-ын эздийг шалгаруулах үйл ажиллагааг энэ жил нарийн мэргэшлийн 15 төрөлд тодрууллаа. “Алтан чагнуур”-ын төлөө нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 50 гаруй эмч нэр дэвшиж, нарийн мэргэшлийн төрлөөр анагаах, эмчлэх, эрдэм судлалын ажил, бүтээл туурвилаараа манлайлсан 15 эмчийг шалгаруулав. Үүнд холбооны дээд шагнал “Алтан чагнуур”-ын эзнээр:

  • “Дотрын анагаах судлал”-ын төрөлд УГТЭ-ийн Уушги судлалын тасгийн эрхлэгч Д.Жавзан-Орлом,
  • “Хүүхэд судлал”-ын төрөлд СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч З.Ганчулуун,
  • “Мэс засал судлал”-ын төрөлд УНТЭ-ийн Бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын тасгийн эрхлэгч Э.Бат-Өлзий,
  • “Дүрс оношилгоо судлал”-ын төрөлд ГССҮТ-ийн Дүрс оношилгооны тасгийн их эмч С.Норжмаа,
  • “Эх барих, эмэгтэйчүүд судлал”-ийн төрөлд Амгалан амаржих газар ТМЭ-ийн Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Б.Даваацэцэг,
  • “Гэмтэл согог судлал”-ын төрөлд ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн тасгийн эрхлэгч П.Баярсайхан,
  • “Мэдрэл судлал, сэтгэц судлал”-ын төрөлд УХТЭ-ийн Мэдрэл судлалын тасгийн эрхлэгч П.Дуламрагчаа,
  • “Халдварт өвчин, арьс судлал”-ын төрөлд ХӨСҮТ-ийн Халдвартын клиникийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийн их эмч М.Ууганчимэг,
  • “Хавдар судлал, эмгэг судлал”-ын төрөлд ЭСҮТ-ийн анатомийн эмгэг судлаач эмч Э.Ундармаа,
    “Эрчимт эмчилгээ судлал, мэдээгүйжүүлэг судлал”-ын төрөлд ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн их эмч Ц.Эрдэнэбаяр,
  • “Яаралтай тусламж судлал”-ын төрөлд УГТЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч О.Янжив,
  • “Нүд судлал, чих хамар хоолой судлал, нүүр ам судлал”-ын төрөлд БЗД-ийн ЭМТ-ийн Шүдний их эмч Э.Батцэцэг,
  • “Уламжлалт анагаах ухаан, сэргээн засал судлал”-ын төрөлд: УАУТХ-ийн Дотоод хяналт шалгалтын албаны дарга, уламжлалт анагаах ухааны их эмч Д.Баярмаа,
  • “Сумын эрүүл мэнд, өрхийн анагаах ухаан”-ны төрөлд Т.Батзул,
    “Нийгмийн эрүүл мэнд судлал”-ын төрөлд ЗӨСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд, тандалт, шуурхай удирдлагын албаны тархвар судлаач эмч Ц.Отгонцэцэг нар тодорлоо.

Шагналыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны тэргүүн Ч.Нарантуяа нар гардууллаа.

 

 

関連ニュース