Хүчтэй цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2024-03-26 14:01:43

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Завханы зүүн хэсгээр өнөөдөр цасан шуурга шуурч, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.


 Нутгийн баруун хойд хэсгээр өнөөдөр, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар маргааш нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг малчид, иргэд, тээвэрчдэд Цаг уур, орчны шинжилгээний газар онцгойлон анхаарууллаа.


2024 оны 3 сарын 27-31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 29-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 27-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, 28, 29-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -5...-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -13...-18 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +11...+16 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна. Ихэнх нутгаар энэ сарын 30-наас дулаарна.

Related news