Райан Бидвелл: Монгол Улс байгаль хамгааллын манлайллаа батлан харуулах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-04-23 16:22:59

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улс дэлхийн хамгийн том онгон зэлүүд газар нутгийн нэг болох Төв Азийн цээжинд оршдог, хөндөгдөөгүй, цэвэр байгальтай улс. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн энэ цаг үед байгаль орчноо урт хугацаанд өөрийнх нь зүй тогтлын дагуу хайрлан хамгаалах нь чухал болоод буйг олон улсын байгаль хамгааллын “Дэ Нэйче Консерванси” (TNC) байгууллагын Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн глобал түвшний захирал Райан Бидвелл онцлон хэлж байна.



Олон улсын байгаль хамгааллын байгууллага TNC нь Монгол Улсын Засгийн газар, БОАЖЯ-тай болон Байгаль хамгааллын итгэлцлийн сантай хамтран байгаль хамгаалах тогтвортой санхүүжилтийн гурван талын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны 11 дүгээр сард Дубай хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын 28 дугаар бага хурлын үеэр TNC-ийн гүйцэтгэх захирал, хатагтай Женифер Моррисыг хүлээн авч уулзсан.


Энэ үеэр олон улсын байгаль хамгаалах байгууллагын зүгээс Монгол Улсад хэрэгжүүлэх байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийлж, Монгол Улс энэхүү хөтөлбөрийг манлайлан ажиллахаа мэдэгдэж байсан юм. Тэгвэл уг хөтөлбөрийг Засгийн газар энэ оны 4 дүгээр сарын 17-ны ээлжит хуралдаанаараа баталж албан ёсоор хэрэгжиж эхлээд байна. Үүнтэй холбогдуулан олон улсын TNC байгууллагын Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн глобал түвшний захирал Райан Бидвелл манай улсад ирээд байхад нь уулзаж ярилцлаа.  


-Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор олон улсын байгууллага манай улсыг ийнхүү анхаарч олон зуун сая ам.долларын санхүүгийн механизмыг бүрдүүлж буйн зорилго юунд оршиж байна вэ? Монголчууд цаашид байгаль хамгаалах механизмыг өөрсдөө бүрдүүлээд явах систем бий болгож байна хэмээн ойлгож байгаа нь зөв үү?

-Юуны өмнө Монгол Улс эрт үеэс байгаль хамгаалах чиглэлээр манлайлагч орны нэг байсныг дурдах хэрэгтэй. “Өнө мөнхийн Монгол” хэмээн нэрлэсэн энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улс уламжлалт энэ чухал үүрэг, манлайллаа дахин батлан харуулах боломжтой болж байна.


Харин бидний хувьд Монгол Улс газар нутгийнхаа 30 хувийг хамгаалах, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна. Хөтөлбөрийг 15 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Энэ хооронд бид уг хөтөлбөрийг хэрэгжүүлээд яваад өгөх биш. юм Танай орон цаашид өөрсдийгөө бүрэн авч явж чадах, байгаль хамгааллын системийн механизмыг бий болгох хүртэл ажиллана. Нэг ёсондоо бид Монголд байгаль хамгаалах механизм бий болох хүртэл ажилланаИйм төрлийн хөтөлбөр Канад, Коста Рика, Перу, Колумби, Бутан зэрэг 6 оронд хэрэгжиж байна.


 -Хөтөлбөрийн хүрээнд улс орнууд байгаль хамгааллын системийн механизмыг хэр нэвтрүүлж, нутагшуулж байна вэ. Ямар бодит үр дүн гарч байна вэ?

-Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр нь дэлхий даяар 100 сая гаруй га газар нутаг, далай, цэнгэг усыг хамгаалж чадаж буй шалгарсан арга гэж хэлж болно. Үүгээрээ нэр хүндтэй. “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр нь “Дэ Нэйче Консерванси” байгууллагын дэлхий дахинаа хэрэгжүүлж буй 3 дахь Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр бөгөөд харин Enduring Earth санаачилгаар хэрэгжиж буй анхны хөтөлбөр юм.


“Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр нь TNC болон Pew Charitable trusts Zoma Lab, Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн хамтын ажиллагаа болох Enduring earth түншлэлийн санаачилгаар хэрэгжинэ. Энэхүү хамтын ажиллагаа нь нийт хүн төрөлхтөн, дэлхий нийтийн тогтвортой ирээдүйн төлөө байгаль хамгаалах ажлыг эрчимжүүлэн хөгжүүлэх зорилготой юм. 

Related news