Байгаль хамгаалах байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-04-22 13:55:47

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийг өнгөрсөн 7 хоногийн хуралдаанаар батлаад байна.


Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон төрөл зүйлийг хамгаалах цогц үйл ажиллагаа бүхий уг хөтөлбөрийг БОАЖЯ, олон улсын уур амьсгалын “Дэ Нэйче Консерванси” (TNC) байгууллага болон Монголын Байгаль хамгаалах итгэлцлийн сан хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрт БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, TNC-ын гүйцэтгэх захирал Женнифер Моррис, Монголын байгаль хамгаалах итгэлцлийн сангийн захирал М.Болд нар өнгөрсөн ням гарагт гарын үсэг зурж хөтөлбөрийг албан ёсоор баталгаажууллаа. Гарын үсэг зурах ёслол хөтөлбөр хэрэгжих хөдөө, орон нутгийг төлөөлүүлэн Булган аймгийн Хангал сумын залуу малчин Х.Эрдэнэбулганы хотонд газар дээр нь боллоо. Тус хөтөлбөр хэрэгжсэнээр:

  • Монгол орны тал хээр, ой, цөл, хүлэрт намагт газар, гол мөрөн зэргийг багтаасан 14.4 сая.га газар нутаг, усыг хамгаалж,
  • тусгай хамгаалалтад буй 47 сая.га газар нутгийн менежментийн үр нөлөөг бэхжүүлж,
  • тусгай хамгаалалттай газар нутгийн гаднах 34 сая.га талбайд тогтвортой, уур амьсгалд тэсвэртэй нутгийн иргэдэд түшиглэсэн менежментийн зохистой арга хэмжээг нэвтрүүлэн хөгжүүлэх зорилготойг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тодотгож байна.

Тэрбээр, байгаль орчны салбарт хийх ажил их байгаа. Өмнө нь улсын төсвөөс хийж ирсэн үйл ажиллагааг олон талын байнгын тогтвортой санхүүжилт болон гол нь менежментийн тогтолцоотой болох эхлэл тавигдаж байгаа нь чухал юм. Нэг ёсондоо олон жил хуримтлагдсан байгаль орчны санхүүжилтийн дутагдлыг шинэлэг байдлаар, улсын төсөвт дарамт багатай байдлаар шийдвэрлэнэ гэсэн үг.


Монгол орон дэлхийн сэрүүн бүсийн хөндөгдөөгүй онгон байгальтай улс. Үүнийг хамгаална гэдэг эх дэлхийгээ хамгаалж байна гэсэн үг. Тиймээс бид энэ хөтөлбөрийг өнө мөнхөд өөдлөн дэвших утга агуулгаар нэрлэсэн юм. Цаашид олон байгаль хамгаалагч, малчин байгалийн тэнцвэрт байдлаа хадгалан авч үлдэнэ. Үүний тогтвортой механизмыг бүрдүүлж өгч буй олон улсын байгууллагад баярлалаа хэмээн талархаж буйгаа илэрхийлэв.

Өмнө нь улсын төсвөөс хийж ирсэн үйл ажиллагааг олон талын байнгын тогтвортой санхүүжилт болон гол нь менежментийн тогтолцоотой болгож байгаа нь чухал юм гэв. Хөндөгдөөгүй дэлхийд үлдсэн онгон байгалиа цаашид олон байгаль хамгаалагч, малчин үлдэнэ хэмээн талархаж буйгаа илэрхийлэв.


TNC байгууллагын гүйцэтгэх захирал Женнифер Моррис, өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг. Гол нь өнөөдөр бид энд байгаль хамгаалах чиглэлээр Монгол Улсын хийж ирсэн болон хийх гэж буй манлайллыг тэмдэглэхээр хуран цуглаад байна.

Монгол орон онгон байгаль, энэ сайхан үзэсгэлэнт газар нутгийнхаа 30 хувийг хамгаалалтад авах томоохон зорилт руугаа нэг алхам урагшилж буй явдал юм. Ингэснээр байгаль хамгаалах эртний түүхтэй Монгол орон олон улсын түвшинд байгаль хамгаалах чиглэлээрх уламжлалаа бататган, энэ талын тэргүүлэгч орон манлайллын үүргээ гүйцэтгэж чадна гэдгээ дэлхийд харуулах, араасаа олон орныг дагуулах, үлгэр жишээ улс болох том боломж ирж буй хэрэг юм гэдгийг онцоллоо.


Хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улс биологийн олон янз байдлыг тогтвортой хамгаалах, байгалийнхаа чухал эко системийг хамгаалж авч үлдэх, хангалттай урт хугацааны санхүүгийн эх үүсвэртэй болохоос гадна өнөөдөр биднийг хүлээн авсан малчин айл шиг олон өрх байгальдаа суурилсан, илүү тогтвортой, сайхан амьдрах боломжийг бид бататган өгч байна гэв.

Тэрбээр уг хөтөлбөр монгол орны ногоон эдийг засгийг илүү шинэ түвшинд гаргана хэмээн бодож байгаа. Ямар арга замаар гэхээр байгальд суурилсан аялал жуулчлал, байгальдаа түшиглэн амьжиргаагаа залгуулж ирсэн малчдын амьдралын эх үүсвэрийг дэмжин ажиллана. Энэ нь өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийн хүнд хэцүү нөхцөл байдалд ирээд хүн төрөлхтний өмнө тулгараад буй хамгийн гол зүйл болж байна гэв.


Хөтөлбөрийн хүрээнд 15 жилийн хугацаатай, байгаль хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх 198 сая ам.долларын шинэ санхүүжилтийн эх үүсвэрийг баталгаажуулан “Монголын байгалийн өв сан”-д одоогийн байдлаар 71 сая ам.долларыг төвлөрүүлээд байна.



Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч, оролцогч талуудын төлөөллөөс сэтгүүлчид зарим зүйлийг тодруулав.

-Хөтөлбөр цөлжилттэй хэрхэн холбогдож хэрэгжих вэ? 

TNC байгууллагын гүйцэтгэх захирал Женнифер Моррис -Манай хөтөлбөр монгол орны дийлэнх хэсгийг эзлээд буй цөлжилттэй шууд утгаар холбогдон хэрэгжинэ. Малчдын бэлчээртэйгээ харьцаж буй одоогийн дадлыг шинэчилж, шинэ түвшинд аваачих зорилготой юм.

Хөрсний хатуулаг байдлын чанарыг авч үлдэн сайжруулж, сэргийлснээр бэлчээрээ авч үлдэх юм. Малчид бэлчээрээ зохистой, тогтвортой ашиглаж чадаж байж гэмээн амьжиргаагаа дээшлүүлэх юм.


-Санхүүжилтийн сангийн үйл ажиллагааг тодруулъя. Хэрхэн яаж санхүүжүүлж, үүнийг хэн яаж хянах вэ?

Монголын Байгаль хамгааллын итгэлцлийн сангийн тэргүүн М.Болд: -Манай байгууллага хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлэн тавьж буй гол 3 зорилгыг хангах үүднээс санхүүгийн талаас нь хараат байдлаар удирдан оролцох юм. Төсөл, хөтөлбөрийн хөндлөнгийн хяналт шалгалтын олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх үүднээс TNC олон улсын хянах бүх аргачлалыг бидэнд шилжүүлэн өгч байгаа. Хөтөлбөрийн гурван талын оролцоог хангасан мэргэжилтнүүдийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулан төслүүдийг шалгаруулж, нийтэд ил тод зарлах байдлаар ажиллана гэв.


Олон улсын “Дэ Нэйче Консерванси” (TNC) байгууллага нь 70 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг, байгаль орны чиглэлээр өргөн хүрээнд ажилладаг байна. Манай улсад 30 гаруй үйл ажиллагаа явуулж байна.

 

Related news