Брюссель хотод Д.Трампыг эсэргүүцэгчид жагсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-25 09:11:02
БРЮССЕЛЬ./АР/. НАТО-гийн Дээд хэмжээний уулзалт болохоос нэг өдрийн өмнө буюу өчигдөр Бельгийн нийслэл Брюссель хотод хэдэн мянган хүн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг эсэргүүцэн жагсчээ.

Д.Трамп өчигдөр Брюссель хотод хүрэлцэн ирэхэд түүнийг эсэргүүцсэн жагсаалд 6000 орчим хүн оролцсон байна.

Иргэний нийгмийн бүлгүүдийн гишүүд болон иргэд Д.Трампыг шүүмжлэн “дэлхий дахиныг хуваан хагаралдуулж мэдэх үгийг нэг бус удаа хэлсэн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг бид улс орондоо хүлээн авахыг хүсэхгүй байна” гэжээ.

Жагсагчид дараа нь нийслэл Брюссель хотын төв рүү жагсан явсан байна. Тэд “Трампыг зогсоо!” гэсэн бичигтэй уриа лоозон барьсан байжээ.

Нэгэн жагсагч ярихдаа “Д.Трамп хүмүүсийг ялгаварлан гадуурхахыг оролдож байгаад үнэхээр бухимдаж байна. Түүний энэ хандлага Европын үнэт зүйлстэй харшилна. Би түүнийг улсдаа байлгамааргүй байна” гэжээ.

Мөн уг жагсаалд оролцсон нэгэн франц эмэгтэй “дэлхий дахины хувьд ямар аюултай зүйл хийж байгаагаа Д.Трамп ойлгохгүй байна. Түүний эсрэг дуу хоолойгоо нэгтгэх нь чухал” гэв.

Өнөөдөр Брюссель хотод дахин Д.Трампын эсрэг жагсаал болж магадгүй байна. Тус хотод  НАТО-гийн гишүүн улс орнуудын удирдагчид өнөөдөр уулзаж, яриа хэлэлцээ хийх юм.

Эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх үүднээс Бельгийн цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна.
Г.Доржханд
 



Связанные новости