В.Путин: START III гэрээг дахин нэг жил дагаж мөрдөхөд бэлэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-09-23 17:03:39

МОСКВА, 2025 оны есдүгээр сарын 23 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээгээр /START–III/  хүлээсэн үүргээ дахин нэг жилийн хугацаанд биелүүлэх саналыг АНУ-д тавьжээ. Уг гэрээний хугацаа 2026 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр дуусгавар болох юм. 


АНУ ийм алхам хийсэн нөхцөлд ОХУ гэрээний заалтуудыг дахин нэг жилийн хугацаанд дагаж мөрдөхөд бэлэн байна гэж В.Путин даваа гарагт Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй хийсэн хурлын үеэр мэдэгдсэнийг төрийн телевизээр дамжуулжээ.


Путин мөн гэрээний хугацаа дууссанаар пуужин-цөмийн хүчин чадлыг шууд хязгаарласан олон улсын сүүлийн хэлэлцээр үгүй болохыг анхааруулжээ. Тэрбээр хэлэхдээ “энэхүү гэрээний ач холбогдлыг бүрэн үгүй хийх нь олон талаас буруу, алсын хараагүй алхам болох байсан” гэж онцолсон байна.


"Бид манай улсын тогтоон барих хүчин найдвартай, үр дүнтэй гэдэгт итгэлтэй байгаа боловч үүний зэрэгцээ хурцадмал байдлыг улам даамжруулж, зэвсгээр хөөцөлдөх сонирхолгүй байна" гэж В.Путин хэлжээ.


START III гэрээнд 2010 онд тухайн үеийн Оросын Ерөнхийлөгч, Дмитрий Медведев, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар гарын үсэг зурсан юм. Уг гэрээг 2021 онд таван жилээр сунгажээ. Оросын цэргүүд Украинд халдан довтолсны дараа Кремлийн удирдагч цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж удаа дараа сүрдүүлж байсан юм. Сүүлийн жилүүдэд Оросын эрх баригчид цөмийн номлолоо шинэчилж, Беларусийн нутаг дэвсгэрт цөмийн зэвсгээ байрлуулсан.


2023 оны хоёрдугаар сард ОХУ START III гэрээнд оролцохоо түр зогсоож, стратегийн объектуудад нь цохилт өгөхөд оролцсон хэмээн НАТО-г буруутгасан байна. 



Связанные новости