"CELAC-EU" дээд түвшний уулзалт эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-11-09 12:24:12

КАРАКАС, 2025 оны арваннэгдүгээр сарын 9 /TASS/. Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэг (CELAC) болон Европын Холбооны (ЕХ) хоёр өдрийн дээд түвшний уулзалт Колумбийн Санта-Марта хотод эхэллээ.

 

Худалдааны харилцааг бэхжүүлэх, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг асуудлыг хэлэлцэх энэ удаагийн дээд хэмжээний уулзалт АНУ Латин Америкийн орнуудад, мөн Европ дахь холбоотнууддаа шахалт үзүүлж буй үед болж байна. 


Бразилын Гадаад хэргийн сайд Мауро Виэйра мэдээлэл хийхдээ, АНУ-тай хурцадмал байдал нэмэгдэж байгаатай холбогдуулан CELAC-ийн 33 гишүүн улс дөрөв дэх удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр Венесуэлийн талд зогсоно гэдгээ илэрхийлнэ гэж мэдэгджээ. Уулзалтад оролцогчид Каракасыг дэмжсэн тунхаглал баталж магадгүйг тэрбээр үгүйсгээгүй байна. Гэхдээ ийм тунхаглал нь Европын Холбооны дэмжлэгийг авахгүй гэж ажиглагчид үзэж байна.


Колумбид болж буй уг дээд хэмжээний уулзалтад Европын Холбоог Европын Зөвлөлийн дарга Антонио Кошта, гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Кая Каллас нар төлөөлөн оролцож байгаа ажээ. 


Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр хийсэн Колумбийн Ерөнхийлөгч Густаво Петрогийн мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай үүссэн зөрчлийг дэвэргэж, улмаар Трамп хатуу хориг тавьж, тус улсыг хар тамхины картелийн бүрэн хяналтад орсон улс гэж зарласан. Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Германы Канцлер Фридрих Мерц нар "Трампыг бухимдуулахгүйн тулд" уг уулзалтад оролцохоос татгалзсан гэж “Bloomberg” агентлаг мэдээлжээ.


Мерц татгалзсан шалтгаанаа Санта-Мартад хүрэлцэн ирэх төр, засгийн тэргүүн нарын тоо цөөхөн байгаатай холбон тайлбарласан байна. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон мөн Колумбид хийх айлчлалаа цуцалжээ. Айлчлалыг ямар шалтгаанаар цуцалсныг Елисейн ордны мэдэгдэлд дурдаагүй байна.


Карибын тэнгисийн өмнөд хэсэгт байрлах АНУ-ын цэргийн тоог 16 мянгад хүргэх, мансууруулах бодисны наймаатай тэмцэх шалтгаанаар хөлөг онгоц, усан онгоцуудад өгч буй цохилтууд, мөн Венесуэл руу довтолно гэх сүрдүүлэг дээд хэмжээний уулзалтын явц, үр дүнд ихээхэн нөлөөлөх магадлалтай гэж шинжээчид үзэж байна. 

Связанные новости