В.Орбан: Оросын газрын тос, хийн нийлүүлэлтийн эсрэг АНУ-аас хориг тавихгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 8 /BBC/. Оросоос газрын тос, байгалийн хий импортолж байгаатай холбоотойгоор Унгарт хориг арга хэмжээ авахгүй байхыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зөвшөөрсөн гэж Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Д.Трамптай Цагаан ордонд уулзсаныхаа дараа мэдэгджээ. Харин Д.Трамп энэ талаар одоогоор мэдэгдэл хийгээгүй байна.
Д.Трамп Европ дахь улс төрийн гол хамтрагч нь болох В.Орбантай баасан гарагт хэлэлцээ хийсэн байна. Тэрбээр В.Орбантай үдийн зоог барихынхаа өмнө Унгар Оросын газрын тосыг үргэлжлүүлэн худалдаж авах, үүнтэй холбоотойгоор авч болзошгүй хоёрдогч хориг арга хэмжээтэй холбоотой асуудлыг засаг захиргаа нь судалж байгаа гэдгийг мэдэгджээ.
"Орбанд өөр бүс нутгуудаас нефть, хий авахад маш хүндрэлтэй байдаг тул бид энэ асуудлыг судалж байна. Та бүхэн мэдэж байгаа, тэд далайд гарцгүй улс шүү дээ" гэж Д.Трамп сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлсэн байна.
Харин В.Орбан Унгарын хувьд Оросын газрын тосноос татгалзах нь ямар уршиг авчрахыг Д.Трампад тайлбарлах бодолтой байгаагаа хэлжээ. Түүний хэлснээр ийм шийдвэрийн үр дагавар нь "сүйрэл" байх аж.
Хэлэлцээ хийснийхээ дараа В.Орбан Унгарын хэвлэлийнхэнд зориулсан хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, Оросын эрчим хүчний эх үүсвэрүүдийг Унгарт нийлүүлэхэд саад болохгүй байх тал дээр Д.Трампыг ятгаж чадсан хэмээн мэдэгджээ.
"Бид “Дружба”, “Туркийн урсгал” газрын тос дамжуулах хоолойнуудыг хориг арга хэмжээнээс бүрэн чөлөөлүүлсэн" гэж В.Орбан хэлснийг "Telex" хэвлэл эш татан мэдээлжээ. "Бид зөвшилцсөн, ерөнхийлөгч эдгээр хоёр хоолойд хориг арга хэмжээ авахгүй гэдгийг хэлсэн" хэмээн Унгарын Ерөнхий сайд мөн онцолсон байна.
Харин Д.Трамп В.Орбантай хийсэн хэлэлцээний нээлттэй хэсгийн үеэр засаг захиргаа нь Оросын эрчим хүчний эх үүсвэрүүдийн нийлүүлэлтийн эсрэг хоёрдогч хориг арга хэмжээ авахгүй байхыг зөвшөөрсөн гэдгийг батлаагүй байна.
2020 онд "Дружба" хоолойгоор Унгарын газрын тосны хэрэгцээний 64 хувийг хангажээ. Уг хоолойгоор Оросын түүхий эдийг Беларусь, Украины нутгаар дамжуулан нийлүүлдэг бөгөөд 2024 он гэхэд энэ үзүүлэлт 80 хувьд хүрч, жилд 5 сая тонн болжээ. Унгар улс Оросын байгалийн хийг Хар тэнгисээр дамжин Туркт хүрдэг "Туркийн урсгал" хоолойгоор авдаг.
Оросын газрын тосыг Адриатын тэнгисээс Хорватаар дамжуулан нийлүүлдэг газрын тосоор орлуулах боломжтой эсэхийг В.Орбанаас сэтгүүлчид асуухад уг хоолойн хүчин чадал Оросын нийлүүлэлтийг орлоход хангалтгүй, шинэчлэх шаардлагатай, шинэчлэх асуудлыг бид Хорватын талтай хэлэлцэж байна гэжээ.
Харин Унгарын цорын ганц газрын тос боловсруулах үйлдвэрийг эзэмшдэг MoL компани баасан гарагт (Орбан, Трамп нарын уулзалтаас хэдхэн цагийн өмнө) нийтэлсэн тайландаа Оросын нийлүүлэлтийг Хорватын хоолойгоор орлуулах боломжтойг дурдсан байна. "Хэрэв "Дружба“ хоолойгоор нийлүүлж буй түүхий газрын тосны хэмжээ ихээр буурвал, MoL Адриатын тэнгисийн дамжуулах хоолойн хэрэглээг нэмэгдүүлснээр хэдийгээр техник, логистикийн зардал их байх боловч газрын тос боловсруулах үйлдвэрийнхээ хэрэгцээний ойролцоогоор 80 хувийг хангаж чадна" гэж уг тайланд дурджээ.
Ulaanbaatar