Оросын төсвийн төслийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-09-25 16:36:27

МОСКВА, 2025 оны есдүгээр сарын 25 /DW/. Лхагва гарагт Оросын Засгийн газар 2026-2028 оны төсвийн төслийг баталжээ. Уг төсөлд зардлын ихэнхийг дахин цэргийн зардалд хуваарилж, ирэх онд нийт зардлын 38 хувийг арми, цагдаа, тусгай албадад зориулахаар тусгасан байна. 


Төсвийн төсөлд батлан хамгаалах салбарт 12.6 их наяд рубль, үндэсний аюулгүй байдлыг хангахад 4.1 их наяд рубль зарцуулахаар тусгажээ. Энэ нь нийлээд ДНБ-ий 7.1 хувьтай тэнцэж байна. Энэ онд Оросын эрх баригчид мөн дайн, аюулгүй байдлыг хангах зардалд 17 их наяд орчим рубль буюу ДНБ-ий 8 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө зарцуулахаар төлөвлөсөн байсан боловч бодит зардал нь илүү гарсан байна.


"Үндэсний батлан хамгаалах"-ын 2026 оны төсөв 2025 оныхоос нэг их наяд шахам рублиэр бага тусгагдсаныг “Reuters” агентлаг онцолжээ. Харин Оросын Үндэсний гвард, тусгай албадын төсөв багтдаг “Үндэсний аюулгүй байдал, хууль сахиулах үйл ажиллагаа”-нд зориулах ирэх оны зардлыг 2025 оныхоос хагас их наяд рублиэр нэмэгдүүлсэн байна. 


Эдгээр зардлыг санхүүжүүлэхийн тулд Сангийн яам НӨАТ-ийг 20-иос 22 хувь болгон нэмэгдүүлэх санал гаргасан байна. Ингэснээр гурван жилийн хугацаанд төсөвт 4.4 их наяд рубль орно.


Сангийн сайд Антон Силуанов хэлэхдээ “Төлөвлөсөн нөөц нь Зэвсэгт хүчнийг техник, зэвсэгээр хангах, цэргийн алба хаагчдад тэтгэмж олгох, тэдний гэр бүлд дэмжлэг үзүүлэх, батлан хамгаалах үйлдвэрлэлийн цогцолборыг шинэчлэх боломжийг олгоно” гэжээ.


Украины дайн, хориг арга хэмжээ, мөн газрын тос, байгалийн хийнээс орох орлого буурсан зэрэг хүчин зүйлсээс үүдэн Оросын төсөв дарамттай хэвээр байна. Үүний зэрэгцээ Кремль нийгмийн үүргээ, Владимир Путиний сонгуулийн амлалтыг биелүүлэх шаардлагатай байгаа тул татварыг нэмэх зайлшгүй шаардлагатай болгож байна.


Оросын Эдийн засгийн яамны таамаглаж байгаагаар, 2025 онд тус улсын ДНБ өнгөрсөн оны 4.3 хувийн өсөлттэй харьцуулахад ердөө 1 хувиар өсөхөөр байгаа бол 2026 онд эдийн засгийн өсөлт 1.3 хувьтай байх төлөвтэй байна.


Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков РБК радиогийн нэвтрүүлгийн үеэр хэлэхдээ, НӨАТ-ийг нэмэх нь эдийн засаг дайнаас болж “ядарсан” гэсэн дохио биш бөгөөд “Эдийн засаг цэргийн тусгай ажиллагааны хэрэгцээнд нийцэн зохицуулагдсан учраас фронтын бүх хэрэгцээг бүрэн хангаж чадаж байна” гэжээ.


Связанные новости