Умард Солонгост өндөр хувиар баяжуулсан ураны нөөц 2 тоннд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ, 2025 оны есдүгээр сарын 25 /Yonhap/. Умард Солонгост өндөр хувиар баяжуулсан ураны нөөц 2000 кг-д хүрсэн гэж Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны сайд Чон Дон Ён тагнуулын мэдээллийг эш татан мэдэгджээ.
"Үүнийг нэн даруй зогсоох ёстой. Яг энэ мөчид ч гэсэн Умардын дөрвөн байгууламжийн центрифугууд цөмийн материал үйлдвэрлэсээр байна" гэж тэрбээр хэвлэлийн хурлын үеэр хэлжээ. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Чон Дон Ён Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар БНАСАУ, АНУ-ын яриа хэлэлцээг сэргээхийг санал болгосон байна.
Хэрэв Вашингтон Умард Солонгосоос цөмийн зэвсгээс ангижрахыг шаардахаа зогсоовол АНУ-тай яриа хэлэлцээ хийхэд нээлттэй гэж Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун өмнө нь мэдэгдсэн юм.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхдээ, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах гурван үе шаттай төлөвлөгөөг дэмжиж байгаагаа дахин илэрхийлжээ. Уг төлөвлөгөө нь цөмийн хөтөлбөрийг царцаах, зэвсгийн нөөцийг хорогдуулах, цөмийн зэвсгээс бүрмөсөн татгалзах гэсэн гурван үе шаттай. Тэрбээр мөн "Солонгосын хойг дахь хүйтэн дайныг дуусгах" зорилгоор "солилцоо, харилцаагаа хэвийн болгох, цөмийн зэвсгээс ангижрах” гэсэн санаачилгыг дэвшүүлсэн байна.