К.Роналду Цагаан ордонд зочилно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-11-19 10:47:00

ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /BBC/. Португалын алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду мягмар гарагт Цагаан ордонд зочилно гэдгийг АНУ-ын албаны хүн баталжээ. Энэ үйл явдал Саудын Арабын удирдагчийн Цагаан ордонд хийх айлчлалтай нэг өдөр тохиох юм. 


Цагаан ордны албаны хүн хэлэхдээ, К.Роналду Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салманы төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан эсэх талаар дурдаагүй байна. Гэсэн хэдий ч Саудын Арабын хөл бөмбөгийн лигт тоглож буй Роналду тус улсын де-факто удирдагч, угсаа залгамжлагч хунтайжийн удирдлага дор явагдаж буй  шинэчлэлийн нүүр царай болж байгаа юм. М.Салман спорт, аялал жуулчлал зэрэг салбарт эдийн засгаа төрөлжүүлснээр газрын тосны орлогоос хамааралтай байдлыг бууруулахыг зорьж байна.


К.Роналду 2016 оноос хойш АНУ-д ирээгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд тэрбээр бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдсан байна. К.Роналду 2009 онд Лас-Вегасын зочид буудлын өрөөнд өөрийг нь хүчиндсэн гэж Кэтрин Майорга гэдэг эмэгтэй мэдэгдсэн боловч хөлбөмбөгчин үүнийг үгүйсгэжээ. “Надад тулгаж буй гэм бурууг би эрс үгүйсгэж байна. Хүчингийн хэрэг бол миний итгэдэг, надад байгаа бүх зүйлийн эсрэг жигшүүрт гэмт хэрэг юм” гэж тэрбээр 2018 онд мэдэгдэж байв.


2019 онд Америкийн прокурорууд К.Роналдуг яллахгүй гэж мэдэгдсэн байна. Учир нь дээрх нэхэмжлэлийг нотлох боломжгүй байжээ. 2023 оны эхээр К.Роналду Саудын Араб руу шилжиж, Саудын мэргэжлийн лигийн нүүр царай болж, угсаа залгамжлах хунтайжийн сангийн эзэмшил дэх хөл бөмбөгийн “Аль-Наср” багийн ахлагч болсон билээ. 


Тоглогчдод асар их хэмжээний цалин өгдөг салбарын хувьд ч гэсэн К.Роналдугийн цалингийн мөнгөн дүн асар их байв. Тэрбээр жилд 200 сая ам.доллар буюу өдөрт хагас сая гаруй ам.долларын цалин авдаг байсан бөгөөд энэ оны зургаадугаар сард нийт 400 сая ам.долларын үнийн дүн бүхий хоёр жилийн хугацаатай гэрээг шинээр байгуулж, 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр хөл бөмбөгийн ертөнцийн анхны тэрбумтан болсон юм.


К.Роналду Английн хөтлөгч Пирс Моргантай хийсэн ярилцлагынхаа үеэр хунтайж Мухаммедыг “манай босс” хэмээн хэлж байжээ. Энэ сарын эхээр тэрбээр Эр-Рияд хотод болсон Аялал жуулчлалын яамны үйл ажиллагаанд оролцож, хаант улсын хөгжлийн төслүүдийн талаар ярьж, 2034 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг Саудын Арабад зохион байгуулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж байв. 


Долоодугаар сард Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Коста Д.Трампад К.Роналдугийн гарын үсэгтэй Португалын өмсгөлийг гардуулсан бөгөөд түүн дээр “Энх тайвны төлөө зүтгэж буй Ерөнхийлөгч Дональд Ж.Трампад” гэж бичсэн байжээ. К.Роналду П.Морганд хэлэхдээ “би түүнтэй хэзээ нэгэн цагт уулзана гэж найдаж байна, учир нь тэр бол надад маш их таалагддаг хүмүүсийн нэг” хэмээн хэлж байв. “Тэр бол аливаа зүйлийг хийж чаддаг нэгэн гэж би бодож байна, би ийм хүмүүсийг хүндэлдэг” гэж тэрбээр нэмж хэлж байлаа.


Ерөнхийлөгч Д.Трамп Саудын Арабын хунтайжийг Зууван танхимд өмнө нь хүлээн авч уулзсан бөгөөд энэ удаагийн уулзалтаар Цагаан ордны Зүүн танхимд оройн зоог барих ажээ. К.Роналду үүнд оролцохоор төлөвлөж байгаа бололтой. Цагаан ордон зочдын жагсаалтын талаар одоогоор мэдэгдэл хийгээгүй байгаа боловч Америкийн нэр хүндтэй компаниудын гүйцэтгэх захирлууд багтах төлөвтэй байгаагийн ихэнх нь Саудын Арабтай бизнесийн харилцаатай гэдгийг хэвлэлүүд мэдээлж байна.

 


Связанные новости