Манай иргэдийн 61 хувь нь авлигын эсрэг төрөөс явуулж буй үйл ажиллагааг хангалтгүй гэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-03-09 12:38:50

Транспаренси Интернэшнл Олон улсын байгууллагаас Ази Номхон далайн бүсийн 16 орны иргэдээс авсан авлигын Барометрийн судалгааны үр дүнг  танилцууллаа.

Тус судалгааг 2015-2017 онд гурван жилийн турш явуулсан бөгөөд нийт 22 мянган хүнийг хамруулж, тэдэнтэй тулгарсан авлигын тохиолдлуудыг асуужээ.

Транспаренси Интернэшнл-Монгол байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаяр ярихдаа, “Ази Номхон далайн бүсийн 16 орны авлигын барометрийн судалгаа нь тухайн орны иргэдийн авлигад өгч буй үнэлгээг харуулдаг. Үүнд Засгийн газраас явуулж буй авлигын эсрэг үйл ажиллагааны сэтгэл ханамж, төрийн үйлчилгээний байгууллага болох цагдаа, эмнэлэг, шүүхийн салбарт авлига өгч байгаа эсэхийг иргэдээс тодруулдаг.

Судалгаанд Монгол Улсаас хот, хөдөөгийн 1500 гаруй иргэн хамарчээ. Дүгнэлтээс үзэхэд манай улсын иргэдийн 61 хувь нь авлигын эсрэг төрөөс явуулж буй үйл ажиллагааг хангалтгүй гэсэн үнэлгээ өгсөн бөгөөд энэ нь бүс нутгийн хэмжээнд тэргүүлсэн. Тодруулбал төрийн үйлчилгээний байгууллагуудаас авлига авч байсан тохиолдлоор Цагдаа, Эрүүл мэндийн салбар тэргүүлэв. Мөн судалгаанд оролцсон 16 орноос манай улс хамгийн бага хувь нь буюу 49 хувь нь авлигатай тэмцэхэд ард иргэд хувь нэмэр оруулж чадахгүй гэсэн хариулт өгчээ. Эндээс харахад манай иргэд авлига багасна гэдэгт итгэлгүй байгааг харуулж байна. Бүсийн судалгаанаас харахад орлогын түвшин доогуур ядуу иргэд илүү өндөр хувиар авлига өгсөн нь нотлогджээ. Энэ нь ядуу иргэдийн амьдралд авлига хамгийн  их ачаа болж буйг харууллаа" гэв.

Дашрамд дурдахад Хятад улс сүүлийн хэдэн жил авлигатай тэмцэхэд нэлээн анхаарч ажиллаж буй ч дээрх судалгаанд оролцсон хятад иргэдийн 70 хувь нь  авлига буурсангүй хэмээн хариулжээ.

М.Аминаа

Связанные новости