Засгийн газраас ирэх долоо хоногт Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-д өргөн барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2025-11-28 19:41:37
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Сар бүрийн сүүлийн долоо хоногийн баасан гарагт зохион байгуулдаг УИХ-ын “Асуулгын цаг” өнөөдөр болж Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцлоо.


“Асуулгын цаг”-аар энэ удаа “Амьжиргааны өртөг” сэдвийн хүрээнд мэдээлэл сонсож, мэтгэлцээн өрнүүлэв. Хуралдааны дэгийн дагуу АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан Ерөнхий сайдаас эдийн засаг дахь төрийн өмчийн оролцоо, төрийн өмчит компаниудын хувьчлал, амьжиргааны өртөг, хэрэглээний үнэ тэр тусмаа хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг сэдвийн хүрээнд үндсэн асуултуудыг тавьж, хариулт авсан юм.


Тухайлбал, “Иргэдийн орлогын өсөлт үнийн өсөлтийг гүйцэхээ байлаа. Засгийн газраас богино хугацаанд айл өрхийн өдөр тутмын зардал, амьжиргааны өртгийг бууруулах талаар ямар тодорхой шийдэл хэрэгжүүлж байгааг нэрлэнэ үү?” гэсэн асуултад Ерөнхий сайд Г.Занданшатар хариулахдаа “Засгийн газар хүнд нөхцөлд ажилласан. Гадаад зах зээл дээр манай экспортын гол бүтээгдэхүүнүүдийн үнэ бараг хоёр дахин унасан, төсвийн орлого тасарч, шатахууны хомсдол үүссэн гээд биднээс шалтгаалахгүй олон сорилтыг Засгийн газар давж, амжилттай ажиллаж байгаа. Засгийн газар гадаад зах зээлийн нөхцөл болон төсөвт учирч байгаа хүндрэлийг даван туулахын тулд, ард түмний нуруун дээр ачааллыг үүрүүлэхгүй гэж үзэж төсөвт тодотгол хийсэн. Түүхэнд анх удаа улсын төсвийн зардлыг 2.2 их наяд төгрөгөөр танаж, үрэлгэн зардлыг багасгаснаараа хөөсөрсөн төсвийг зөв голдиролд нь оруулсан. Ингэснээрээ 4000 төгрөгт хүрэх тооцоололтой байсан долларын ханш өнөөдөр 50-60 төгрөгөөр буураад байна. Төсвийн алдагдлын 2.2 их наядаар танаагүй бол инфляц 14-15 хувьд хүрэх байсан. Бид ард иргэдийн халааснаас хулгайлдаг инфляц, үнийн өсөлтийг хязгаарлахын тулд төрийн данхайсан бүтцийг танаж, төсвийн хэмнэлт хийсэн. Авлига хулгайтай тэмцэх ажлын үр дүнд 300 гаруй хэрэг шүүхэд шилжиж байна. Энэ бүхний үр дүнд төсвийн дотоод үр ашиг нэмэгдсэн. Найм, есдүгээр сард төлбөрийн дотоод тэнцэл анх удаа дараалан 70 сая доллар, 240 сая долларын ашигтай гарч, гадаад валютын ханш тогтворжиж, валютын нөөц анх удаа 6 тэрбум долларт хүрлээ. Энэ бүхэн бол иргэддээ чиглэсэн бодлогын үр дүн” гэлээ.


“Импортлогч бус үйлдвэрлэгч улс болно гэж ярьдаг. Атрын аян, “Цагаан алт”, “Шинэ хоршоо” гэх мэт олон хөтөлбөр хэрэгжсэн. Бодитоор яаж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих вэ?” гэсэн асуултад “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд ноолуурын салбар сэргэсэн. 247 сая долларын самнасан ноолуур гаргаж байна. Тэр хэмжээгээр эмэгтэй ажиллах хүчний тоо нэмэгдэж байгаа. Нэг шат ахивал утас үйлдвэрлэдэг болно. Улмаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох юм бол ухдаг шар алт биш ургуулдаг цагаан алт ноос ноолуураа дэлхийн валют болгож гаргах бололцоотой. Дотоодын самнах хүчин чадал 100 хувьд хүрч байна.


Хүнсний хувьсгалын үр дүнд 56 шинэ үйлдвэр байгуулагдсан. Энэ үйлдвэрийн тоог 100-д хүргэж, эхний ээлжид хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо бүрэн хангадаг болчихвол иргэдийн амьжиргаанд тустай хэмээн хариуллаа.


“Асуулгын цаг”-т парламент дахь сөрөг хүчин болон олонхийн бүлгийн гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авсан. Ерөнхий сайд Г.Занданшатар “Асуулгын цаг” буюу парламентын мэтгэлцээнээр шийдэл ярьдаг, түүнийгээ бодлого, шийдвэрт тусгадаг байх ёстой гэдэг зарчмын байр суурь илэрхийлж, УИХ-ын гишүүдийн асуултад тодорхой хариулт өгсөн. Үүнд,

  • Эрчим хүчний салбарын либералчлалыг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэхдээ шат шатанд байгаа авлигыг арилгахгүй бол үр дүнд хүрэхгүй. Шатыг дээрээс нь эхэлж цэвэрлэх ёстой.
  • Орон сууцны ипотекийн бодлогыг хэрэгжүүлэхдээ зах зээлийн эрэлтээс гадна нийлүүлэлтийг сайжруулж, ган болон цементийн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлнэ. Орон сууцжуулалтын банк байгуулж, эрэлт, нийлүүлэлт хоёрыг дэмжсэн, орлогод нийцсэн орон сууцыг барьж байгуулах хэрэгтэй байгаа. АНУ, Сингапур зэрэг дэлхийн олон оронд Орон сууцжуулалтын банк тусдаа механизм болж хэрэгжиж байгаа.
  • Сүүлийн 30 орчим жилд өрхийн зарлага бодит орлогоосоо өндөр байсан. Цар тахлын үед хэрэглээ хумигдсантай холбоотойгоор зардал буурч, орлого үл ялиг давсан тооцоолол гарсан. Орлого давж байж хүн хуримтлалтай болно. Хуримтлалтай байж амьдралын нөхцөлөө сайжруулах бололцоо бүрдэнэ.
  • Амьжиргааны үнийн өртийг түүврээр сонгож авсан 10 мянган өрхийн хэрэглээний багцыг судалж, тэндээс 430 гол нэр, төрлийн бараа, үйлчилгээний үнэд ОУВС-гийн аргачлалаар инфляцыг тооцдог. 2019 оноос хойш хүнсний бүтээгдэхүүний үнэ хоёр дахин нэмэгдсэн. Манай улсын хувьд мах, гурилын үнэ үүнд голлох нөлөөтэй.
  • Төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох ажил үргэлжилж байгаа. Үүнд хугацаа шаардагдаж байна. Тухайлбал, тухайн компани гурван жил алдагдалгүй ажилласан байх, олон улсын байгууллагаар аудитлагдсан байх ёстой, аудит хийхэд зургаан сарын хугацаа орно гэх мэтээр цаг хугацаа шаардсан ажлууд байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар гишүүдийн асуултад ийнхүү хариулж, эдийн засгаа сэргээх, иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулан, Засгийн газраас ирэх долоо хоногт Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-д өргөн барих гэж байгааг хэллээ.

Связанные новости