Худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-11-28 13:40:53

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 


Монгол Улсын хувьд ЕАЭЗХ-ны гишүүн орнуудад нийт 367 бараанд гаалийн тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлснээр аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбарын шинэ зах зээлд нэвтрэх боломж бүрдэж, дотоодын бизнес эрхлэгчдийн гадаад худалдааны туршлага, чадварыг сайжруулж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түлхэц болох юм. Мөн Монгол Улсын уул уурхайн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэн, аливаа нэг улсаас хамаарах худалдааны хамаарал багасаж, эдийн засаг төрөлжинө. Энэ нь эдийн засгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх аж. 


Хэлэлцээрт хөрөнгө оруулалт, үйлчилгээний худалдаа, банк санхүү, төлбөр тооцоо зэрэг асуудал тусгагдаагүй, зөвхөн барааны худалдааны хүрээнд байгуулахаар тохиролцжээ. Хэлэлцээрийг гурван жилийн хугацаатай байгуулах бөгөөд талууд харилцан тохиролцон тус хугацааг сунгах боломжтой юм байна.

 

Связанные новости