Төрийн өмчит зарим компанийн удирдлагуудад хариуцлага тооцохыг чиглэл болголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-11-28 12:54:51

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Төрийн өмчит зарим компанид хийсэн хяналт-шинжилгээний дүнгийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцуулжээ.


“Эрчист Монгол” ХХК-ийн харьяа төрийн өмчит компаниудыг удирдлага, менежментээр хангах хүрээнд хяналт-шинжилгээ хийсэн байна. Хяналт-шинжилгээний мөрөөр холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох, зөрчлийг арилгуулах, цаашид харьяа компаниудад хийх хяналт-шинжилгээ, шалгалтыг эрчимжүүлж, үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.


“Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн нийт бараа материалын үлдэгдэл 2025 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар 37.4 тэрбум төгрөг байна. 2024 онд 1.8 тэрбум төгрөгийн бараа материал хадгалалтын горим алдагдсанаас ашиглалтгүй болсон аж. Тус станц зуух 2, зуух 4-ийн их засварыг өнгөрсөн онд хийхдээ 1.1 тэрбум төгрөгөөр төсөвт өртгийг хэтрүүлжээ. 


Өнгөрсөн онд 61.6 сая төгрөгийн бараа материал акталснаас 90 хувь (55.3 сая.төг), 2025 онд акталсан 367.5 сая төгрөгийн бараа материалын 87.2 хувь (320.3 сая.төг) техникийн үзүүлэлт таараагүй, шаардлага хангахгүй болсон байна.


“Эрчист Монгол” ХХК-ийн харьяа “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК 2024, 2025 онд шууд гэрээгээр нийт 5.33 тэрбум төгрөгийн шатахуун худалдан авсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан нээлттэй тендерийн шаардлагыг зөрчжээ. 


МИАТ ТӨХК-ийн нийт үйл ажиллагааны зардал өмнөх оны мөн үеэс өссөн, харин төлөвлөгөөнөөс доогуур гүйцэтгэлтэй байна. Ажилчдын цалингийн багц зардал 9 тэрбум төгрөгөөр өссөн нь баталсан төсвөөс үндсэн болон түр орон тоо хэтэрсэнтэй холбоотой гэсэн дүгнэлт гарсан аж.

 

Связанные новости