СЭЛЭНГЭ: Чежүгийн их сургуульд суралцах хүүхдүүдэд зөвлөгөө мэдээлэл өгөх төлөөлөгчийн газартай болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Чежү хотын Олон улсын их сургуулийн төлөөлөгчид Сэлэнгэ аймагт энэ сарын эхээр зочлох үеэрээ аймгийн удирдлагын багийнхантай уулзаж, цаашид хамтран ажиллах гэрээг байгуулсан юм.
Хамтран ажиллах гэрээнд зааснаар БНСУ-ын Чежүгийн их сургуульд суралцах хүүхдүүдэд зөвлөгөө мэдээлэл өгөх төлөөлөгчийн газартай болно. Мөн 2026 оны хоёрдугаар сараас эхлэн тус сургуулийн танилцуулга мэдээллийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал, Сайхан сумдад хийхээр төлөвлөжээ.
Сэлэнгэ аймаг Чежүгийн Олон улсын их сургуультай хамтран ажилласнаар оюутан залуусыг тус сургуульд сургах боломж бүрдэх юм. Мөн хоёр аймгийн хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулиас Сэлэнгэ аймагт солонгос хэлний тэнхим болон номын сан байгуулж өгөхөөр болжээ.

