БУЛГАН: Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд идэвхтэй оролцсон зарим алба хаагчийг шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-09-27 20:23:37

Булган, 2025 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Булган аймагт есдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг амжилттай зохион байгууллаа.


Аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн удирдах бүрэлдэхүүний 600 гаруй төлөөлөл зохион байгуулалтын бүхий л үе шатад оролцож харилцан ажиллагаагаа сайжрууллаа. Мөн нүүлгэн шилжүүлэлтийн дадлагад Булган сумын иргэдийн 90 орчим хувь оролцсон байна.


Иж бүрэн сургуулийн хүрээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах, зарлан мэдээлэл, нүүлгэн шилжүүлэлт, аврах ажиллагаа, хор уршгийг арилгах, сэргээн босгох үе шатны бодит дадлагуудыг газар дээр нь зохион байгуулж, оролцогчдын мэдлэг, ур чадвар, хамтын ажиллагаа, удирдлага зохион байгуулалтыг дүгнэсэн юм.


Дадлага сургуулийн үе шат тус бүрийг нарийвчлан үнэлж, нийлбэр дүнгээр бэлтгэл ажил 85 хувь, бэлэн байдлын үзлэг 87 хувь, штабын дадлага 70 хувь, зарлан мэдээллийн дохиогоор ажилласан байдал 95 хувь, нүүлгэн шилжүүлэх дадлага 95 хувь, дуурайлган үзүүлэх дадлага сургууль 95 хувьтай үнэлүүллээ.


Дадлага сургуулийн хаалтын үйл ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, сургуулийн удирдагч, хурандаа Ц.Уранчимэг, Булган аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Пүрэв-Очир, ОБЕГ-ын ГХСГ-ын дарга, сургуулийн штабын дарга, хурандаа Сүхбаатар болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.


Сургуулийн удирдагч, хурандаа Ц.Уранчимэг, “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үйл ажиллагаа нь олон улсын бодлого, чиг хандлага, баримт бичгүүдийн зорилго, зорилттой нягт уялдаатай боллоо. Тухайлбал, 2015 онд Францын Парис хотноо дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, түүнд дасан зохицох, гамшгийн эрсдэлд өртөх байдлыг бууруулах чиглэлээр харилцан хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр баталсан Парисын хэлэлцээрийн үндсэн зарчим болон Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ-11)-д тусгагдсан хот, суурин газрыг хүртээмжтэй, аюулгүй, тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах зорилттой энэхүү сургалт нь нийцсэн, ач холбогдолтой ажил болсон гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэв.


Дадлага сургуульд идэвх санаачилгатай оролцож аймаг, орон нутгаа манлайлан ажиллаж байгаа аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн зарим алба хаагчдыг Онцгой байдлын ерөнхий газрын "Жуух бичиг"-ээр шагнажээ.


















Связанные новости