БУЛГАН: Мал эмнэлгийн хог хаягдлын хор нөлөөг бууруулах асуудлаар сонсгол зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-11-12 17:06:28

Булган, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Мал эмнэлгийн хог хаягдлын хор нөлөөг бууруулах асуудлаар “Эрүүл амьдрал-идэвхтэй оролцоо” сонсгол зохион байгууллаа.


“Либерал эмэгтэйчүүдийн оюун сан” ТББ-ын санаачилгаар “Эрүүл амьдрал-Идэвхтэй оролцоо” сэдэвт нийтийн зөвшилцөх сонсголын зорилго нь мал эмнэлгийн үйл ажиллагаанаас гарах хог хаягдлын байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн байна.


Сонсголын үеэр орчны бохирдол, мал эмнэлгийн лабораторийн үйл ажиллагаа, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагууд мэдээлэл өгч, иргэдийн санал, санаачилгыг сонссон байна.


Үйл ажиллагаанд төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн (UNDP) төлөөлөл, орон нутгийн иргэд идэвхтэй оролцож, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх хамтын оролцоог дэмжин ажиллаж байна.


Сонсголд оролцсон иргэд, байгууллагын төлөөлөл нэг цагийн турш санал бодлоо солилцож, орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой зөвлөмж боловсруулан гаргах ажээ.


Зохион байгуулагчаар Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал оролцсон бол Мал эмнэлгийн газар, Байгаль орчны газар, Хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулагчаар оролцлоо.

 

Аймгийн төвийн А зэрэглэлийн бүсэд хамаарах Мал эмнэлгийн лабораторийн барилга пестицидээр бохирдсон хөрсийг эрүүлжүүлж асуудлыг шийдвэрлэснээр тухайн бүсэд зэрэгцэн оршиж буй 60 айлын орон сууцны иргэд гэр хорооллын айл өрх,  1 цэцэрлэг, 1 сургуулийн хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг дэмжсэн үр дүнтэй ажил болох ажээ. 










Связанные новости