ХОВД: Төв, суурин газрын өвөлжилтийн бэлтгэлийг 70 хувьтай хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-09-27 08:30:44

Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын баг Ховд аймгийн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцлаа. 


Аймаг, сумын аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлийн бүрдүүлэлт урьдчилсан байдлаар 30.3 хувьтай байгаа бол малчдын түвшинд бэлтгэсэн өвс 110,  тэжээл 42, хужир шүү 64.3 хувьтай явж байна. 


Мөн төв, суурин газрын өвөлжилтийн бэлтгэлийг одоогийн байдлаар 70 хувьтай хангажээ.  


Дээрх ажлын багийнхан цаашид орон нутагт өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө. 


Тодруулбал, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил, онцгой нөхцөл байдлын үед баруун бүсийн аймгуудтай хамтран ажиллах төлөвлөгөө гаргаж, гэрээ байгуулах зэргээр шуурхай ажиллах, цахилгаан, эрчим хүч доголдох үеийн бэлэн байдлыг хангаж нөөц үүсгүүртэй байх, түлш шатахууны нөөц хомсдох, тасрах үеийн эрсдэлийг тооцох, малын гоц халдварт өвчин, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимтэй зохион байгуулах зөвлөмж өгсөн тухай Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Связанные новости