ХОВД: 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.
Тус сарын агаарын температурын олон жилийн дундаж нь уулархаг нутгаар -20-24 градус хүйтэн, бусад нутгаар -14-20 градус хүйтэн байдаг.
Харин сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар алтайн өвөр говийн нутгаар 2-6 мм, бусад нутгаар 0-2 мм ордог.
Олон жилийн дундаж гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг хэлж буй.
Тэгвэл цаг агаарын урьдчилсан мэдээллээр ирэх сард агаарын дундаж температур их нууруудын хотгороор олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй. Мөн хур тунадас их нууруудын хотгороор олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага байх төлөвтэй.
Ирэх сарын эхэнд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа боловч агаарын температурын хувьд олон жилийн дунджийн орчим байна.
Цаашид тухайн сарын нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн үед ихэнх нутгаар, дунд үед зарим газраар цас орж, салхи шуургатай байх төлөвтэй.
Агаарын дундаж температурын хувьд тухайн сарын нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–2 градусаар дулаан, харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлч үед олон жилийн дунджаас 1–3 градусаар хүйтэн байх төлөвтэй байна.
Иргэдийг хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээтэй байнга танилцаж, анхаарал болгоомжтой байхыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.
Одоогоор Үенч суманд 6, Булган суманд 5, Чандмань суманд 2, Жаргалант, Зэрэг суманд 1 см цастай байна.
Өнөөдөр 20:00 цаг хүртэл Ховд аймгийн нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температурын хувьд алтайн өвөр говиор -1-6 градус хүйтэн, бусад нутгаар 0+5 градус дулаан байх төлөвтэй.
Ulaanbaatar