ХОВД: Гар бөмбөгийн спортоор 4000 гаруй хүүхэд хичээллэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Ховд аймагт гар бөмбөгийн спортын 15 клуб, нэг холбоо үйл ажиллагаа явуулж байна. Мөн хөдөөгийн 16 сумын ерөнхий боловсролын сургууль тус бүрд гар бөмбөгийн спортын дугуйлан ажиллаж байна.
Үүнээс гадна аймгийн Засаг даргын дэргэдэх идэр болон өсвөрийн шигшээ багт 150 орчим тамирчин бий. Мөн тус аймгийн хэмжээнд гар бөмбөгийн спортоор тогтмол хичээллэж буй 4000 гаруй хүүхэд байна гэх судалгаа гарчээ.
Ховд аймагт он гарсаар гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 10 орчим удаа зохион байгуулжээ. Үүнээс онцлоход өсвөрийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнийг 13-14 насны ангилалд анх удаа зохион байгуулсан юм.
Тэмцээний эрэгтэй, эмэгтэй төрөлд 60 багийн 700 гаруй өсвөрийн тамирчин оролцлоо.
Эрэгтэй багуудаас Г.Ганзориг дасгалжуулагчтай “W-13” клуб тэргүүн байрт шалгарлаа. Харин спортын мастер С.Оюунгэрэл дасгалжуулагчтай “Цастын дөрвөн бэрх” клуб дэд байр, Г.Үүрийнтуяа дасгалжуулагчтай “Бэрс” клубийн тамирчид гуравдугаар байр эзэллээ.
Эмэгтэй багуудаас спортын мастер Г.Хатантуул дасгалжуулагчтай Зургаадугаар сургуулийн баг тэргүүлсэн бол удаах байрт спортын мастер Н.Нармандах дасгалжуулагчтай “W-13” клуб, спортын мастер С.Оюунгэрэл дасгалжуулагчтай “Цастын дөрвөн бэрх” клуб шалгарчээ.
Тэмцээний шилдэг оролцогчид энэ сарын 23-нд шагналаа гардан авав.
Энэ удаагийн тэмцээн нь “Спортын аваргууд” хөтөлбөрийн хүрээнд гар бөмбөгийн спортыг хөгжүүлэх, сурталчлан таниулах, өсвөрийн тамирчдын ур чадварыг сайжруулах, харилцан туршлага солилцох боломж бүрдүүлэхэд чиглэлээ.
Тэмцээний зохион байгуулагчаар Ховд аймгийн Биеийн тамир, спортын газар, Гар бөмбөгийн холбоо хамтран ажиллав. 
Ulaanbaatar