БУЛГАН: Ерөнхий сайд А.Амарын 140 жилийн ойг ирэх онд тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган,2025 оны еспүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд асан А.Амарын 140 жилийн ой 2026 онд тохионо.
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, түмэн олондоо “Мэргэн сайд” хэмээн алдаршсан Агданбуугийн Амар нь Монгол Улсын ерөнхий сайдаар хоёр удаа томилогдон ажиллаж, Улсын Бага хурлын дарга, Гадаад явдлын яамны сайд, Мал аж ахуйн яамны сайд, Монгол банкны дарга, Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга зэрэг олон чухал албыг хашиж байсан төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн байв.
Ойг угтан Ерөнхий сайд А.Амарын гэрэл зураг болон түүхэн ном зохиол, үзмэр, эд өлгийн үзэсгэлэнг Булган аймгийн музейд дэглэж олны хүртээл болгож байгаа бол “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхий сайд А.Амарын түүх, баримт” сэдэвт илтгэлийг түүхийн ухааны доктор Н.Батболд, А.Амар сангийн тэргүүн Ё.Отгонбаяр нар Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрт хэлэлцүүллээ.
Тэртээх 1937 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Булган аймаг байгуулах тогтоолыг гаргаж байсан эрхэм хүмүүний амьдралын түүхэн замнал, гаргасан шийдвэрүүдийг нутгийн иргэд болон ахлах ангийн сурагчдын хамтаар бахархан сонслоо.