ФИФА-гийн салбарыг Ташкентад нээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-09-09 08:59:33

ТАШКЕНТ, 2025 оны есдүгээр сарын 9. /ТАСС/. Узбекистан улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ Ерөнхийлөгч Жанни Инфантино нар Ташкент хотноо ФИФА-гийн Төв Ази дахь бүс нутгийн салбарыг нээхээр тохиролцжээ.


Узбекистаны төрийн тэргүүний хэвлэлийн албаны мэдээлснээр, Узбекистаны Ерөнхийлөгч, ФИФА-гийн тэргүүн нар хоёр талын түншлэлийг цаашид өргөжүүлэх, ФИФА-гийн тогтолцоог өөрчлөн шинэчлэх, залуу авьяастнуудыг тодруулах, дасгалжуулагчид, шүүгчид, менежерүүд, спортын эмч нар болон техникийн мэргэжилтнүүдийг олон улсын түвшинд бэлтгэх зэрэг асуудлуудыг хэлэлцсэн байна.


Уулзалтын үеэр Ж.Инфантино Узбекистаны шигшээ баг 2026 онд АНУ-д болох ДАШТ-д оролцох эрхээ авсан түүхэн үйл явдлыг тохиолдуулан Ерөнхийлөгч Ш.Мирзиёев болон Узбекистаны ард түмэнд баяр хүргэлээ.


Уулзалтын төгсгөлд “Узбекистаны хөл бөмбөгийн спортыг олон улсын тавцанд гаргаж хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн” төрийн дээд шагнал болох “Дустлик” /Найрамдал/ одонг ФИФА-гийн Ерөнхийлөгч Ж.Инфантинод гардуулжээ.

 

Связанные новости