Уругвай, Колумби, Парагвай улсууд ДАШТ-ий эрхээ авлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОНТЕВИДЕО, 2025 оны есдүгээр сарын 5 /ESPN/. Уругвай, Колумби, Парагвайн шигшээ багууд 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ оролцох эрхээ пүрэв гарагт баталгаажуулжээ.
Тодруулбал, Уругвай,
Колумбийн багууд өрсөлдөгчдөө 3:0-ээр буулган авсан бол Парагвай оноо авалгүй
тэнцсэнээр Аргентин, Бразил, Эквадорын хамт ДАШТ-д оролцох эрхээ авсан байна.
Сүүлийн хоёр тойрогт ялалт байгуулах шаардлагатай байсан Перугийн шигшээ Уругвайд хожигдсоноор ДАШТ-д оролцох боломжгүй болжээ. Харин Колумбийн шигшээгээс Хамес Родригес тоглолтын 31 дэх минутад тооны харьцааг нээсэн бол хоёрдугаар хагаст Жон Кордоба, Хуан Фернандо Кинтеро нар гоол оруулснаар боливичуудыг буулган авсан байна.
Парагвайн шигшээ
багийн хувьд 16 жилийн дараа анх удаа ДАШТ-д эргэн ирлээ. Хамгийн сүүлд тус баг 2010 онд ӨАБНУ-д болсон ДАШТ-д оролцож, шөвгийн
наймд Испанид хожигдож байв. Улмаар
уг тэмцээнд испаничууд аваргалсан юм.
Харин дэлхийн
аварга Аргентины шигшээ баг Венесуэлийг Лионел Мессигийн оруулсан хоёр гоолын ачаар 3:0-ийн харьцаагаар буулган авч, Өмнөд
Америкийн чансаанд тэргүүлэгч байр
сууриа хадгалжээ.
АНУ, Мексик, Канад улсууд хамтран зохион байгуулах ирэх оны тэмцээнд 48 баг
оролцоно. Ингэхдээ 43
баг тивийн сонгон шалгаруулах тэмцээнүүдээс оролцох эрхээ авах
бол хоёр баг нь 2026 оны гуравдугаар сард болох зургаан багийн тоглолтоос оролцох эрхээ баталгаажуулна. Зохион байгуулагч гурван орон сонгон шалгаруулалтгүйгээр шууд оролцох юм.