Л.Норрис анх удаа “Формула-1”-ийн дэлхийн аварга боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-12-08 10:51:46

АБУ-ДАБИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /RIA Novosti/. "Макларен" багийн британи уралдаанч Ландо Норрис Абу-Дабид болсон улирлын эцсийн буюу 24 дэх гараанд гуравдугаар байрт орсноор уралдаанчийнхаа замналд анх удаа "Формула-1"-ийн дэлхийн аварга боллоо.


Тус гараанд өнгөрсөн дөрвөн улиралд дараалан дэлхийн аварга болж байсан “Ред Булл”-ын нидерланд нисгэгч Макс Ферстаппен түрүүлжээ. Хоёрдугаар байрт "Макларен"-ы австрали уралдаанч Оскар Пиастри орсон байна. Гарааны эхний 10 байрт Шарль Леклер (4-р байр, “Феррари”, Монако), Жорж Расселл (5-р байр, “Мерседес”, Их Британи), Фернандо Алонсо (6-р байр, “Астон Мартин”, Испани), Эстебан Окон (7-р байр, “Хаас”, Франц), Льюис Хэмилтон (8-р байр, “Феррари”, Их Британи), Лэнс Стролл (9-р байр, “Астон Мартин”, Канад), Оливер Берман (10-р байр, “Хаас”, Их Британи) нар шалгарчээ. 


Л.Норрис энэ гараанд 15 оноо авснаар нийлбэр оноогоо 423 болгож, 25 оноо авсан М.Ферстаппеныг ердөө хоёр оноогоор илүүрхсэн байна. Улирлын явцад Ферстаппен 100 гаруй оноогоор хоцорч байсан хэдий ч сүүлийн 10 гараанд 6 удаа түрүүлж, эхний гурваас хойш байр эзлээгүй юм. Хэрэв М.Ферстаппен улирлыг тэргүүлж дуусгасан бол Михаэль Шумахерын таван улирал дараалан түрүүлсэн рекордыг давтах байв.


О.Пиастри энэ гараанд 18 оноо авч, улирлын нийлбэр дүнгээр 410 оноотой гуравдугаар байрт орлоо.


Өдгөө 26 настай Ландо Норрис уралдаанчийнхаа замналд анх удаа дэлхийн аваргын цол хүртэж байна. Тэрбээр мөн 2008 оноос хойш анх удаа “Макларен”-д дэлхийн аваргын цол авчирсан нисгэгч болжээ. Тухайн үед Льюис Хэмилтон түрүүлж байсан юм. Л.Норрис мөн “Формула-1”-ийн түүхэн дэх дэлхийн аварга болсон Их Британийн 11 дэх уралдаанч боллоо.




Связанные новости