Мессигийн баг МLS-ийн аварга боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-12-08 12:09:00

ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 8. /ТАСС/. “Интер Майами” баг Хойд Америкийн хөл бөмбөгийн тэргүүн лигийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээр Аргентины довтлогч Лионел Месси хөлбөмбөгчний замналдаа 48 дахь удаагаа аваргын цомыг өргөлөө.


Финалын тоглолтод майамичууд “Ванкувер” багийг 3:1 харьцаагаар хожсоноор  MLS лигийн аваргаар анх удаагаа шалгарсан бөгөөд Месси хоёр удаа оновчтой дамжуулалт өгчээ.


Өдгөө 38 настай тэрбээр 2023 оны зунаас хойш “Интер Майами”-д тоглож байгаа бөгөөд тус багийн бүрэлдэхүүнд дөрвөн том тэмцээнд түрүүллээ.


Л.Месси “Барселона”-д тоглож байхдаа хамгийн олон буюу 35 удаа тэмцээнд түрүүлсэн байна. Тодруулбал, тус багийн бүрэлдэхүүнд 10 удаа Испанийн аварга болж, 8 удаа Супер цомыг өргөж, Испанийн цомд 7 удаа, Аваргуудын лигт 4 удаа, УЕФА-гийн Супер цомд 3 удаа, клубүүдийн ДАШТ-д 1 удаа түрүүлж байв.


Мөн Францын “Пари Сен-Жермен” багт тоглож байхдаа гурван том тэмцээн буюу Францын АШТ-д /2022, 2023/ хоёр удаа, Францын Супер цомд нэг удаа түрүүлжээ.


Харин Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд ДАШТ /2022/, Америкийн цом /2021, 2024/, Олимпын наадам /2008/, Финалиссиме /2022/, 20 хүртэлх насныхны ДАШТ /2005/-д аваргалж байв.  

Связанные новости