Премьер лигийн клубүүдийн зардал түүхэн дээд хэмжээнд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 2 /Reuters/. Премьер лигийн клубүүд энэ зуны шилжилт хөдөлгөөний цонх үеэр 3 тэрбум фунт.стерлинг зарцуулсан нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болжээ.
Тодруулбал, наймдугаар
сарын 31 гэхэд нийтдээ 2.73 тэрбум фунт.стерлинг зарцуулаад байсан боловч Шведийн тамирчин Александр Исак Британид түүхэн дээд амжилт тогтоосон үнээр /125 сая фунт.стерлинг/
“Ньюкасл”-аас “Ливерпүүл” рүү
шилжсэнээр нийт дүнг 3.087 тэрбум фунт.стерлингт хүргэсэн байна.
Ингэснээр зардлын
хэмжээ 1.96 тэрбум фунт.стерлинг
байсан өнгөрсөн зуныхаасаа үлэмж
хэмжээгээр нэмэгджээ. Түүнчлэн энэ жилийн нийт дүн Бундеслиг, Ла лиг,
Лиг 1, Сери А лигийн клубүүдийн нийлбэр дүнгээс ч их байна.
Солилцоо наймааны
эцсийн өдөр ерөнхийдөө нам гүм байсан боловч цонх хаагдсаны дараа томоохон
гэрээнүүдийн талаар зарлажээ. Шведийн довтлогч А.Исакийн гэрээ баталгаажуулсны дараа “Ньюкасл” Йоан Виссаг “Брентфорд”-оос 55 сая фунт.стерлингээр ирснийг мэдэгдсэн байна.
Бусад онцлох гэрээнүүдийн талаар дурдвал, “Фулхэм” клуб түүхэндээ хамгийн
өндөр үнээр буюу 34.6 сая фунт.стерлингээр
Бразилын Кевинтэй
гэрээ байгуулжээ. Түүнчлэн “Манчестер
Юнайтед” клуб “Антверпен”-ээс Бельгийн хаалгач Сенне Ламменсийг 18.1
сая фунт.стерлингээр багтаа авчирсан
байна.