СЭЛЭНГЭ: Сүхбаатар сумын Улсын тэргүүний лаборатори 4-р сургууль шилдэг 15 сургуулийн нэгээр шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-09-01 16:00:38

Сүхбаатар, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕБ-ын лаборатори 4-р сургууль өнгөрсөн хичээлийн жилд 1114 суралцагчтайгаар сургалт үйл ажиллагаагаа эхэлж байсан бол энэ жил 1150 суралцагчтайгаар бүл нэмжээ.


-Тус сургуулийн захирал Ө.Золбаяртай ярилцлаа.


-Танд эрдмийн баярын мэнд хүргэе. Хичээлийн шинэ жилийн онцлог, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө үү?

-Баярлалаа. Та бүхэндээ 2025-2026 оны шинэ хичээлийн жилийн баярын мэндийг хүргэе.

Өнгөрсөн хичээлийн жилд манай хамт олон сургуулийн менежментийг сайжруулах хөтөлбөрт орж, сургуулийн судалгаа хөгжлийн “Шинэ Монгол” төвийн хөтөлбөрт амжилттай хамрагдсан. Энэ хөтөлбөрт үндэсний хэмжээнд анхан шатны хөтөлбөрт 120 сургууль, ахисан түвшин менежментийн хөтөлбөрт 30 сургууль нийт 150 сургууль хамрагдсан. Эндээс манай сургууль шилдэг 15 сургуулийн нэгээр шалгарч, хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлсэн үр дүнтэйгээр хичээлийн жилээ өндөрлүүлсэн байгаа.   

 

Энэ хичээлийн жилд энэ хөтөлбөрөө илүү сайжруулах, сургуулийнхаа хөрсөнд нутагшуулах чиглэлээр илүү анхаарна. Хөтөлбөрийн хүрээнд дэд хөтөлбөрүүдийг бид өөрсдийнхөө хэмжээнд сайн боловсруулж, өөрсдийн арга аргачлалыг тогтоосон. Үүнийхээ хүрээнд хөтөлбөрүүдээ сайжруулж, багш, ажилтнууд болон суралцагчдадаа хэвшүүлэх, дадал суулгах ажлаа хэрэгжүүлж байна.

 

-Хөтөлбөрийн үр дүн?

-Тухайлбал өнгөрсөн хичээлийн жилд багш нар, хүүхдүүдийн маань гаргасан амжилт өмнөх жилүүдээс эрс нэмэгдсэн.

 

Энэ хичээлийн жилийн тухайд ч гэсэн манай сургуулийг зорих хүүхдүүд, эцэг эхчүүдийн тоо нэмэгдсэн нь ажиглагдаж байна. Хүний нөөцийн тухайд ч гэсэн манай сургууль багшийн дутагдлыг тэр бүр байлгахгүйгээр даван туулж байна.

 

-Тэгэхээр багшийн дутагдалгүй гэж ойлгож болох нь ээ. Шинэ багш нар нэлээд харагдаж байна. Сургууль шинэ боловсон хүчнээ хэрхэн хүлээж авч байна вэ?

-Энэ хичээлийн жилд багшийн хэт ачаалалгүйгээр ажиллахаар хичээлийн шинэ жилээ эхлүүллээ. Манай сургуулийн хувьд нийтэч хамт олон, эерэг уур амьсгалтай, сахилга баттай сайхан хамт олон. 

 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд ЕБ-ын 35 сургуулийн 1 дүгээр ангид 2200 сурагч элсэн орж байна.

 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕБ-ын лаборатори 4-р сургуулийн 1-р анги 3 бүлэгтэй, нийт 100 гаруй хүүхэд элсэн суралцаж байна.

 

Тус сургуулийн 1б ангийн багш Б.Оюундарь: Бүх зүйл надаас шалтгаалах учраас хүүхдүүдэдээ үндэс суурийг нь маш сайн тавьж өгнө

 

Өнөөдөр 35 сурагчийг хүлээж авлаа. Би нийслэлийн ЕБ-ын 44-р сургуульд 9 жил ажиллаад 10 дахь жилдээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ын 4-р сургуульд багшлахаар ирсэн. Энэ миний 2 дахь 1-р анги. Миний хувьд 5-р ангийг 2 удаа төгсгөөд одоо 3 дахь 1-р ангиа аваад байна.

 

1-р ангийн хүүхдүүд маш их онцлогтой. Анхаарал төвлөрөх чадвар маш хурдан. Жаахан чиглэл өөрчлөгдөх юм уу, өөр юм болоход маш хурдан тийшээ анхаарлаа хандуулдаг. Миний зүгээс 6 настнуудтайгаа маш сайн хамтарч ажиллаж, зөв иргэн төлөвшүүлэхэд өөрийнхөө мэдлэг, оюунаа дайчлан ажиллана гэж бодож байна.

 

Барилгын суурийг маш сайн тавьж байж цаашаа үйлдвэрлэл үргэлжлэн явдагтай адил бүх зүйл надаас шалтгаалах учраас хүүхдүүдэдээ үндэс суурийг нь маш сайн тавьж өгнө. Ингэж гэмээж нь Монгол Улсад сайн иргэн, зөв хүмүүжилтэй хүн төлөвшинө шүү дээ.

 

1а ангийн багш Г.Лхагвачимэг: Анхны 1-р анги, анхны ажил гээд бүх зүйл гоё, сандралтай, догдлолтой байна

 

Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумынх. Миний хувьд 2021 онд Хэнтий аймагт 12-р ангиа төгсөөд, Санхүү эдийн засгийн их сургуулийн Боловсролын сургуулийг энэ оны 6-р сарын 27-нд дүүргэсэн. Тэгээд ажлын анхны гараагаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ын 4-р сургуулийг сонгон ирээд байна. Анхны 1-р анги, анхны ажил гээд бүх зүйл гоё, сандралтай, догдлолтой байна.

 

-Залуу багшийн ажлын анхны өдөр. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Би маш их сандарч байна. Их догдлолтой байна. Өчигдөр орой бүүр нойр хүрээгүй, шинэ анги, шинэ хүүхдүүдээ угтаж авна гэж бодохоос баярлаад, догдлоод, хүлээгээд, ангиа гоё чимэглээд л.

Миний баримталдаг гол зарчим бол ямар нэгэн ажил эхэлсэн л бол тууштай байж, заавал эцсийг нь үзэж, дуусгаж байж санаа амардаг зантай. Иймээс хүүхдүүдтэйгээ маш сайн тулж ажиллаж, зөв хүмүүжилтэй, сууж сурсан, зөв дадалтай хүүхдүүд болгохын төлөө хичээнэ гэж бодож байгаа.

 

-Залуу хүн шинэ эрч хүчээр ажиллана гэж бодож байна. Авьяасаа сонирхуулахгүй юу?

-Би 8-р ангиасаа волейболын спортоор хичээллэсэн. Манай анги удирдсан багш, спортын мастер н.Хишигбаяр багшийнхаа удирдлага дор хичээллэдэг байсан. Одоо ч би энэ спортоо орхиогүй яваа.

-Амжилт хүсье.

 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд 2 политехникийн коллеж, ерөнхий боловсролын 35 сургууль, 43 цэцэрлэгт нийт 1500 багш, 30000 суралцагчид суралцахаар хичээлийн шинэ жилээ эхлүүллээ.  

 

Связанные новости