Олимпын аварга Ж.Фокс хавдрыг ялан дийлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
СИДНЕЙ, 2025 оны наймдугаар сарын 28 /AFP/. Олимпын гурван алтан медальт Жесс Фокс бөөрнийхөө хавдрыг авхуулахын тулд мэс засалд орсон тухайгаа олон нийтэд мэдэгджээ. Улмаар Европт болж буй Каноэ Слаломын ДАШТ-ий тэмцээнүүдэд оролцох боломжгүй болсон байна.
Өнгөрсөн оны Парисын Олимпын наадмын нээлтийн ёслолд
Австралийн далбааг барьж
жагссан 31 настай бүсгүйн
хэлснээр, мэс засал амжилттай болсон бөгөөд сэтгэл санаа нь
сайн байгаа ажээ. “Сүүлийн хэдэн долоо хоногт олон үйл явдал болж өнгөрлөө, гэхдээ миний бие сайн байгаа, шинэ шархнууд бий болж, бөөр маань арай жижгэрсэн бөгөөд илүү тэсвэр хатуужилтай боллоо!” гэж тэрбээр “Instagram” хуудсандаа бичжээ.
Францад төрсөн Ж.Фокс
дөрвөн Олимпоос зургаан медаль
хүртсэний дотор эмэгтэйчүүдийн С1 (каноэ
завь), К1 (каяак завь) төрлүүдэд Олимпын аварга цолыг хүртсэн
юм. Олон улсын Олимпын хорооны Тамирчдын комиссын гишүүн тэрбээр мөн ДАШТ-ээс 10 алт
авснаар их спортын түүхэн дэх
хамгийн шилдэг сэлүүрчин болж чадсан билээ.
“Жесс болон түүний ар гэрийнхэн, тусалж дэмждэг багийнхны хувьд хүнд хэцүү үе
байлаа. Гэхдээ Жесс бол
гайхалтай тэсвэр тэвчээртэй хүн гэдгийг
бид мэднэ. Бид бүхний таамаглаж байсанчлан тэрбээр шийдэмгий байдал,
тэмцэгч чанарынхаа ачаар энэхүү хүнд
сорилтыг даван тууллаа” гэж Австралийн Олимпын
хорооны ерөнхийлөгч Ян
Честерман мэдэгдсэн байна.