Аваргуудын лигийн үндсэн шатанд тоглох багууд бүгд тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-28 09:38:02

ЛИССАБОН, 2025 оны наймдугаар сарын 28 /ТАСС/. Аваргуудын лигийн тэмцээний сонгон шалгаруулах плей-оффын шатны хариу тоглолт Лиссабон хотноо болж, Португалын “Бенфика” баг Туркийн “Фенербахче” багийг 1:0 харьцаагаар хожсоноор лигийн тэмцээний үндсэн шатанд шалгарлаа.


Тоглолтын 35 дахь минутанд “Бенфика”-гийн хагас хамгаалагч, Туркийн шигшээгийн тоглогч Керем Актюркоглу цорын ганц гоолыг оруулсан бол хоёр шар хуудас авсан “Фенербахче”-гийн тоглогч Талиска 82 дахь минутанд талбайгаас хөөгджээ. Истанбулд болсон эхний тоглолт 0:0 харьцаагаар өндөрлөсөн тул хоёр тоглолтын нийлбэр дүнгээр “Бенфика” тэмцээний үндсэн шатанд тоглохоор боллоо.  


Түүнчлэн плей-оффын хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Бельгийн “Брюгге”, Азербайжаны “Карабах”, Данийн “Копенгаген” багууд үндсэн шатанд шалгарсан байна.


Аваргуудын лигийн тэмцээний үндсэн шатны сугалаа өнөөдөр явагдаж, тоглолтууд есдүгээр сарын 16-нд эхэлнэ. Баг бүр 8 тоглолт, үүнээс сагс бүрт багтсан багуудтай хоёр тоглолт хийнэ.


Эхний сагсанд:


лигийн одоогийн аварга Францын “Пари Сен-Жермен”, Испанийн "Реал", "Барселона", Германы "Бавария", "Боруссиа", Английн "Манчестер Сити", "Ливерпүүл", "Челси",  Италийн "Интер";


Хоёрдахь сагсанд:


Английн “Арсенал”, Германы "Байер", "Айнтрахт", Испанийн "Атлетико", "Вильярреал", Италийн "Аталанта", "Ювентус", Бельгийн “Брюгге”, Португалын “Бенфика”;


Гурав дахь сагсанд:


Нидерландын "Аякс", ПСВ, Италийн “Наполи”, Португалын “Спортинг”, Грекийн "Олимпиакос", Чехийн “Славия”, Норвегийн "Будё-Глимт", Английн "Тоттенхэм", Францын "Марсель";


Дөрөв дэх сагсанд:


“Монако”, Туркийн "Галатасарай", Бельгийн "Юнион", Азербайжаны "Карабах", Испанийн "Атлетик", Английн "Ньюкасл", Киприйн "Пафос", Данийн “Копенгаген”, Казахстаны "Кайрат" багууд тус тус багтжээ.

 

 

 

Связанные новости