ОРХОН: Томоохон бүтээн байгуулалтын ажлууд ашиглалтад орж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр,2025 оны наймдугаар сарын 18/ МОНЦАМЭ/. Аймгийн 2025 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын 80 гаруй хувийг инженерийн шугам сүлжээ, авто замын шинэчлэлийн ажил эзэлж байна.
Энэ оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон ажлын нэг нь Чандмань төвийн уулзвар байлаа. Тус хэсэгт улс, орон нутаг, гаднын төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр дөрвөн хөрөнгө оруулалтын ажлыг хийжээ.
Энэ уулзвар нь 320м урттай, 2-5 эгнээ зорчих хэсэгтэй, гэрэл дохиотой уулзвар болон шинэчлэгдэж байна. Үр дүнд хөдөлгөөн нэвтрүүлэлт 50 хувиар нэмэгдэх судалгааг мэргэжлийн байгууллагаас гаргасан.
Гэрэл дохио, авто замын босоо тэмдэг, тэмдэглэгээ, явган хүний замын ажилыг хийсний дараа Улсын комисс ажиллана. Гүйцэтгэгчээр "Энх-Алтаргана" ХХК ажиллаж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Талст билэг” ХХК 152м урттай 400-гийн шугамыг 500мм болгон өргөтгөж, жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа дулааны найдвартай байдлыг бий болгож, хонгилын системд оруулснаараа онцлог байлаа. Ирээдүйд замыг ухаж хөндөхгүйгээр шугамд засвар, үйлчилгээ хийх боломжийг ийнхүү бүрдүүлжээ.
Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр “Престиж инженеринг” ХХК 108м цэвэр усны шугамыг, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 1976-1980 онд ашиглалтад орсон Уртцагааны гудамж доогуур байрлах 560 метр урт, 2 хос цэвэр усны шугамыг тус тус шинэчилжээ.
Ингэснээр Эрдэнэт хотын 4, 5, 7, 7А, 11-р хороолол, Залуус, Гок гарден, Төгөл гарден, Тамирын 3 чулуу зэрэг хорооллын 6788 айл өрх, 502 аж ахуйн нэгж, байгууллагын цэвэр усан хангамж найдвартай боллоо.
