ОРХОН: “Чихрийн шижин өвчтэй ажилтнуудаа ойлгож ажиллая” уриан дор алхав
ФОТО МЭДЭЭ
Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Жил бүрийн 11 дүгээр сарын 14-нд дэлхийн “Чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийг угтан Орхон аймгийн Эрүүл мэндийн байгууллагууд “Чихрийн шижин өвчтэй ажилтнуудаа ойлгож ажиллая” уриан дор алхалт зохион байгууллаа.
Эрүүл мэндийн салбарын хамт олон цэнхэр шаар барин эрүүл мэндийн боловсрол, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг олон нийтэд түгээн, хамтын оролцоогоороо үлгэрлэн эрүүл мэндийн 13 байгууллагын 150 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нэгэн зорилгын дор нэгдэн алхав.
Чихрийн шижин нь хүний биеийн нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй эсвэл боловсорсон инсулин нь бие эсүүдэд нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг бодисын солилцооны бүлэг өвчин юм.
Орхон аймаг жил бүр зорилтот бүлгийн иргэдэд чихрийн шижин өвчний урьдчилан сэргийлэх үзлэгийг анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудаар зохион байгуулж байна. 2024 онд 40 мянга гаруй иргэн үзлэгт хамрагдаж, 130-140 иргэн анх удаа чихрийн шижинтэй гэж оношлогдон хяналтад оржээ. Одоогийн байдлаар 1036 иргэн чихрийн шижин өвчний тогтмол хяналтад бүртгэлтэй байна.
Хяналтад буй иргэдээс
Бөөрний хүндрэл-50
Нүдний хүндрэл-40
Мэдрэлийн хүндрэл-30
Зүрхний шигдээс, артерийн даралт-214
Захын судасны хүндрэл, хөлийн шархлаа-23
Бусад хүндрэлтэй 131 хүн хяналтад байна.
Дэлхийн Чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр”-ийг угтан Орхон аймаг эндокринологич эмч нартай хамтран
-Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, хэлэлцүүлэг
-“Чихрийн шижин өвчтэй ажилтнаа ойлгож ажиллая” уриан дор зохион байгуулсан нэгдсэн алхалт
-Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтнуудын чихрийн шижингийн илрүүлэг
-Чихрийн шижин өвчтэй иргэдэд чиглэсэн сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа
-Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудаас нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна.






Ulaanbaatar