Шанхай дахь Амазоны хиймэл оюуны лабораторийг хаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2025-07-23 16:54:12

ЛОНДОН, 2025 оны долоодугаар сарын 23 /TASS/. Америкийн “Amazon” корпорац "IBM", "Microsoft" зэрэг технологийн компаниудын жишгийг даган Шанхай дахь хиймэл оюуны судалгааны лабораторио хаасан тухай “Financial Times” сонинд бичжээ. 


Эдгээр гурван компани хиймэл оюун ухааны чиглэлээр Хятадад хэрэгжүүлж байсан судалгааны төслүүдээ зогсоож байгаа нь АНУ-ын эрх баригчид хиймэл оюуны салбарт илүү их анхаарал хандуулж, мөн Вашингтон-Бээжингийн хоорондын харилцаа хурцдаж байгаатай холбоотой гэж тус сонинд бичжээ. Шанхай дахь лабораторийн үйл ажиллагаа зогссон талаарх мэдээллийг компанийн ажилтнууд Хятадын нийгмийн сүлжээнд нийтэлж, баталсан байна.


Тус лабораторийг “Amazon Web Services” (AWS) компани 2018 онд нээжээ. Үүнээс хойш хиймэл оюун ухааны чиглэлээр 100 гаруй судалгааны бүтээл бэлтгэсэн байна. “Amazon”-ы төлөөлөгч судалгааны төвийг хаасан гэдгийг шууд бусаар баталжээ. “Бид AWS-ийн зарим багт тодорхой албан тушаалуудыг цөөлөх тухай бизнесийн шийдвэр гаргасан. Эдгээр шийдвэрийг хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэх, шинэ ажилтнуудыг ажилд авах, нөөцийг оновчтой болгох зорилгоор гаргасан” гэж тус компанийн төлөөлөгч Бред Глассер ярьсан байна. 


Үйл ажиллагааны оргил үед Шанхай дахь AWS-ын лабораторид 1000 гаруй хүн ажиллаж байжээ.



Связанные новости