Хятадын хүн дүрст робот Гиннесийн номд бичигджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-11-22 15:57:23

ШАНХАЙ, 2025 оны арваннэгдүгээр сарын 22 /Сhinadaily/. Хятадын хүн дүрст робот тус улсын зүүн нутгийн хотуудын хооронд 106 км замыг алхаж туулснаар Гиннесийн номонд бичигдэх шинэ дээд амжилтыг тогтоожээ. 


Шанхай хотын Agobot компанид зохион бүтээсэн андроид А2 гэдэг робот 11 дүгээр сарын 10-ны орой Сүжоү хотоос гарч 13-ны өглөө Шанхай хотын Бунд эрэгт ирсэн байна.  


Цэнэг хураагуурыг хурдан сольдог системтэй уг робот замын туршид тасралтгүй ажиллаж, нийт 106 км 286 м замыг туулжээ.


"Сүжоугоос Шанхай хүртэл алхана гэдэг бол хэр баргийн хүний чадах зүйл биш, харин робот ийм урт замыг туулж чадлаа. Энэ нь роботын аппаратын хэсэг, тэнцвэржилтийн ба тэсвэржилтийн алгоритмууд  боловсронгуй болсныг харуулж байгаа бөгөөд цаашдаа арилжааны зорилгоор өргөн хүрээнд ашиглах боломжийг нээж байна гэж Agibot компанийн дэд захирал Ван Чуане ярилаа.


Давхар GPS модуль, хэт улаан туяаны мэдрэгчүүдээр тоноглогдсон А2 робот гэрлэн дохио, нарийхан гарцууд, хөл гишгэх зайгүй явган хүний замууд гэх мэт бэрхшээлүүдийг туулахдаа өдөр, шөнийн цагт эргэн тойрны орчноо сайтар мэдэрч байжээ. Уг робот асфальтан зам, шоо хавтангаар хийсэн явган хүний зам, гүүр, налуу замаар болон тэмтрэгддэг хавтан дээгүүр явахдаа замын хөдөлгөөний дүрмийг сайтар мөрдөж байв. 


Энэ оны дөрөвдүгээр сард Бээжин хотын Хүн дүрст роботын инновацийн төвд зохион бүтээсэн Тиен Кун Ультра гэдэг робот 21 км урт хагас марафоны зайг 2 цаг 40 минутанд туулж байсан билээ. 

Связанные новости