Их Британид амьтан дээр туршилт хийхийг зогсооно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /Anadolu/. Шинжлэх ухааны туршилтуудыг амьтан дээр хийхийг үе шаттайгаар зогсоох, өөр дэвшилтэт технологиор солих зорилго бүхий 75 сая фунт стерлингийн /98 сая ам.доллар/ төлөвлөгөөгөө Их Британийн Засгийн газар мягмар гарагт танилцууллаа.
Шинжлэх ухааны сайд Патрик Валлансын танилцуулсан энэхүү төлөвлөгөөнд судалгаа, аюулгүй байдлын туршилтад амьтдыг ашиглахыг багасгах, улмаар зогсоох, ингэхдээ хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах хатуу чанд стандартыг баримтлах талаар тусгажээ. Засгийн газраас мэдэгдсэнээр, уг стратегийн дагуу “боломжтой нөхцөлүүдэд амьтан дээр туршилт хийхийг зогсоохыг дэмжиж, аюулгүй, үр дүнтэй болохыг тогтоосон даруйд өөр хувилбаруудыг нэвтрүүлэх” ажээ.
Уг стратегид туршилтуудыг зогсоох хугацааг заасан байна. Тухайлбал, арьс, нүдний цочрол, арьсны мэдрэг чанарыг тодорхойлох туршилтуудыг амьтад дээр хийхийг 2026 оны эцэс гэхэд, ботоксын нөлөөллийг хэмжих хулгана дээр хийдэг туршилтыг 2027 он гэхэд ДНХ-д суурилсан аргуудаар солихоор тусгасан бол 2030 он гэхэд бие махбодод эмийн үйлчлэлийг хянах туршилтуудыг нохой, мичнүүд дээр хийхийг эрс багасгах ажээ.
“Шинжлэх ухааны дэвшлийг ашигласнаар бид амьдралын чанарыг сайжруулах инновацын судалгааг урагшлуулахын зэрэгцээ амьтдыг хамгаалах асуудалд бодит ашиг тусыг авчирч чадна” гэж Амьтдыг хамгаалах асуудал хариуцсан сайд Сью Хэйман хэлсэн байна.
П.Валлансын даргалж буй шинэ хороо энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтийг хянаж, гол үзүүлэлтүүдийг нь ирэх онд танилцуулна. Түүнчлэн судлаачдад зориулсан сургалт явуулах, судалгааны тэргүүлэх чиглэлүүдийн жагсаалт гаргах, туршилтын бусад арга хэлбэрийн зохицуулалтын тал дээр манлайлан ажиллахаа амлаж байгаа ажээ.
“Энэхүү стратеги нь засгийн газар, бизнес эрхлэгчид болон амьтдыг хамгаалах бүлгүүдийг амьтад дээр туршилт хийхээс өөр хувилбаруудыг илүү хурдан, илүү үр дүнтэй олоход хамтран ажиллах боломжийг бүрдүүлнэ” гэж П.Валланс мэдэгдсэн байна.
Ulaanbaatar