ДУНДГОВЬ: Вакцинд хамрагдаагүй хүүхдүүд халдвар авах эрсдэл их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/ Дундговь аймагт 7 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар 15 сумаас 9 суманд улаанбурхан өвчин гарч, батлагдсан тохиолдлын тоо 250-д хүрчээ.
Аймгийн Эрүүл мэндийн газар, өрхийн эмнэлгүүд харьяа газрынхаа хүүхдүүдэд гэрт нь очиж бүртгэл хийн улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтад хамруулсаар байна. Одоогийн байдлаар 15 хүртэлх насны 1873 хүүхдийг вакцинд хамруулжээ. Ихэвчлэн дархлаажуулалтын вакцинд хамрагдаагүй хүүхдүүд халдвар авах тохиолдол их байгааг Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Алтантөгс хэлж байлаа.
Эцэг эхчүүд хүүхдүүддээ вакцин хийлгэх дургүй, хөдөө явсан зэрэг байдлаас болж бүрэн хамруулж дуусаагүй байгааг хэллээ. Гэвч аймгийн хэмжээнд зохих ёстой арга хэмжээг байнга авч, тухайн өвчнөөс сэргийлэх аргазүйн зөвлөмж, сургалтуудыг тогтмол өгч байна. Мөн 8 сар хүртэлх сартай хүүхдүүд уг вакцинд хамрагдах заасан хугацаа, нас нь хүрээгүй учир ийнхүү өвчлөлд өртөх магадлал их байна гэдгийг Өлзийт мандал өрхийн эмнэлгийн дарга Т.Урангоо хэллээ.
Тухайлбал Сайнцагаан сумын Өлзийт мандал өрхийн эмнэлэг 6-8 сартай 35 хүүхэд бүртгэлд байдгаас 3 нь л хамрагдсан байна. Тэд бүх хүүхдийг улаанбурхан өвчний вакцинд бүрэн хамруулахын тулд хаалганаас хаалганд гэсэн улс орон даяар өрнөж буй улаанбурхан өвчний эсрэг уриалгад аймгаараа нэгдэн ажиллаж байгаагаа илэрхийллээ.
Дундговь аймагт 3 дугаар сарын 14-ний өдөр улаанбурхан өвчний 2 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, ХӨСҮТ-д сорьцыг явуулснаар батлагдсан.
Тухайн үед улаанбурхан өвчний халдвар эрчимтэй нэмэгдэх хандлагатай байсан учраас аймгийн Онцгой комисс хуралдаж сургууль, цэцэрлэгийг 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 14 хоног цахимд шилжүүлсэн шийдвэр гаргаж байв. Хүүхдүүд гэртээ хичээлээ хийж багшдаа цахимаар илгээж шалгуулах байдлаар хичээллэж, эцэг эхчүүдийн зүгээс зөв шийдвэр гаргасан гэж үзэж, шийдвэрийг дэмжсэн юм. Энэ шийдвэр нь Боловсролын сайдын тушаалыг зөрчсөн шийдвэр болж байсан удаатай. Гэвч тухайн үед орон нутгийн удирдлага хүүхдүүдийн эрүүл мэнд хамгийн чухал байсан гэдэг тайлбарыг өгсөн.
Мөн 2016 онд Дундговь аймагт улаанбурхан өвчин гарч, 5 сартай хүүхэд энэ өвчнөөр эндэж байсан тохиолдол гарч байжээ.
Д.Адъяасүрэн