Л.Модрич урьдчилсан шатны тоглолтод гоол оруулсан хамгийн ахмад тоглогч болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-06-10 12:25:53

МОСКВА, 2025 оны зургаадугаар сарын 10 /TASS/. Хорватын шигшээ багийн хагас хамгаалагч Лука Модрич дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ Европын бүсийн урьдчилсан шатны тоглолтод гоол оруулсан хамгийн ахмад хөлбөмбөгчин боллоо.


Хорватын шигшээ баг Европын бүсийн урьдчилсан шатны тоглолтод Чехийн багийг талбайдаа 5:1-ээр хожсон байна. Л.Модрич 39 нас 9 сартайдаа Чехийн багийн хаалганд торгуулийн цохилтоор гоол  /62 дахь минутад/ оруулжээ. Өмнөх дээд амжилтыг энэ сарын 7-нд Босни-Херцеговиний шигшээ багийн довтлогч Эдин Жеко тогтоосон бөгөөд тэрбээр 39 нас 2 сар 12 хоногтойдоо Сан-Мариногийн багийн хаалганд (1:0) гоол хийсэн юм.


Л.Модрич 2012 онд “Тоттенхэм”-ээс ирснээсээ хойш “Реал Мадрид”-ын бүрэлдэхүүнд 600 шахам тоглолтод оролцож, Аваргуудын лигт зургаан удаа, Испанийн цомын тэмцээнд хоёр удаа, Ла лигт дөрвөн удаа түрүүлж, нийт 28 цомыг өргөжээ. Тэрбээр энэ зун болох клубүүдийн ДАШТ-ий дараа “Реал Мадрид”-аас явна гэдгээ мэдэгдсэн юм. 


Связанные новости