Батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлэхийг НАТО-гийн сайд нар дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-06-06 16:04:48

БРЮССЕЛЬ, 2025 оны зургаадугаар сарын 6 /DW/. Умард Атлантын гэрээний байгууллагын /НАТО/ гишүүн орнууд батлан ​​ хамгаалахын зардлын хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 5 хувьд хүргэж нэмэгдүүлэхийг дэмжжээ.


НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте Брюссельд болсон Батлан ​​хамгаалахын сайд нарын уулзалтын дараа мэдэгдэхдээ, холбоотон орнууд зорилтот түвшнийг нэмэгдүүлэхэд бэлэн байна гэв.


М.Рютте эвслийн төв байранд хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдэхдээ, уг санал өргөн хүрээний дэмжлэг авсан гээд, гурван долоо хоногийн дараа Нидерландын Хааг хотод болох НАТО-гийн дараагийн дээд хэмжээний уулзалтаар шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэж нэмж хэлжээ.


НАТО-гийн гишүүн орнууд одоогоор батлан хамгаалахын зардалдаа ДНБ-ий 2-оос доошгүй хувийг зарцуулах үүрэг хүлээсэн бөгөөд Португал /1.55 хувь/, Итали /1.49 хувь/, Канад /1.37 хувь/, Бельги /1.3 хувь/, Испани /1.28 хувь/ зэрэг эвслийн гишүүдийн гуравны нэг орчим нь уг зорилтыг биелүүлээгүй хэвээр байгаа юм.


Өнгөрсөн сард НАТО-гийн гишүүн орнууд батлан ​​хамгаалахын зардлыг ДНБ-ий 5 хувьд хүргэх тухай АНУ-ын зүгээс тавьсан шаардлагыг Герман улс зарчмын хувьд хүлээн зөвшөөрсөн юм. Герман улс одоогоор ДНБ-ийхээ 2 хүрэхгүй хувийг батлан ​​хамгаалахад зарцуулж байна.


Харин Испани улс зардлыг нэмэгдүүлэхэд дурамжхан хандаж байгаа бөгөөд энэ оны эцэс гэхэд эвслийн одоогийн зорилтот түвшин болох ДНБ-ий хоёр хувьд хүргэхээр төлөвлөж байна. Батлан ​​хамгаалахын сайд Маргарита Роблес хэлэхдээ, хоёр хувьд хүргэх нь бидний хүлээсэн үүрэг хариуцлагыг биелүүлэхэд хангалттай гэж бид бодож байна гэжээ. Гэхдээ М.Роблес энэ сарын сүүлээр болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр зардлыг нэмэгдүүлэх шийдвэр гаргахад саад болохгүй гэж мэдэгдсэн байна.

Связанные новости