Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен: Байгаль хамгаалагчаас төрийн тэргүүн болсон замнал

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-05-23 18:35:39

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Байгаль хамгаалагч идэвхтнээс Австрийн төрийн тэргүүний суудалд хүрсэн Александр Ван дер Беллен бол зөвхөн улстөрч төдийгүй хувь хүний үнэт зүйлс, үзэл санаагаараа улс орноо нэгтгэж чадсан онцгой удирдагч юм. 


Европын ногоон намуудын улстөрчид түүнийг дэлхийн анхны “Ногоон үзэл баримтлалт төрийн тэргүүн” хэмээн үздэг. Харин тэрбээр өөрийгөө либерал үзэлтэн хэмээн тодорхойлдог бөгөөд ногоон бодлого, нийгмийн либерал үнэт зүйлсийг дэмжигч юм.


Тэрбээр 2015 онд хэвлүүлсэн номдоо, Европын Холбооны ирээдүйд итгэх итгэл, эв нэгдэлд суурилсан Европын үзэл баримтлалыг дэмжигч хэмээн өөрийгөө мөн тодорхойлсон байдаг. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр улс төрийн аль нэг туйл руу хэлбийлгүйгээр төвийг баримталдаг иргэд, түүнчлэн Социал Демократ Нам болон консерватив Ардын Намын аль алиных нь удирдлагын дэмжлэгийг авч чаджээ. Ван дер Беллен бол Европын Холбооны гишүүн орнуудын дундаас хоёр дахь (Латвийн Раймондс Вейонисийн дараа), ард түмний саналаар сонгогдсон анхны ногоон үзэлт ерөнхийлөгч юм. Мөн байгаль хамгаалагч идэвхтнээс Австрийн Ерөнхийлөгч болсон анхны хүн юм.



Александр Ван дер Беллен уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлийг идэвхийлэн дэмжиж иржээ. Тэрбээр уур амьсгалын асуудлуудыг дотооддоо төдийгүй дэлхийн тавцанд тууштай хөндөн дэвшүүлж байлаа. Испанид 2019 онд болсон COP25 бага хурлын үеэр хэлсэн үгэндээ, "Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай"-г онцолж байв. Мөн дэлхий нийтийн ирээдүйн төлөө шийдвэр гаргагчид эрс шийдэмгий ажиллах үүрэгтэйг цохон тэмдэглэж байсан юм.


Түүнчлэн Вена хотноо жил бүр зохион байгуулдаг уур амьсгалын асуудлаарх Австрийн Дэлхийн дээд хэмжээний уулзалт” бага хурал зэрэг байгаль орчны санаачилгуудыг ихээхэн дэмждэг байна. Ван дер Беллений ивээл дор зохион байгуулдаг энэхүү бага хурал нь улс төр, бизнес, иргэний нийгмийн удирдагчдад уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцэх индэр болдог.


Ерөнхийлөгч Ван дер Беллений удирдлага дор Австри Улс уур амьсгалын томоохон зорилтуудыг дэвшүүлснээс дурдвал, 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт бүрэн шилжих, 2040 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал шингээлтийн зөрүүг тэглэхээр зорьж байна.


Австри Улс хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж, байгальд ээлтэй эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд тууштай ажиллаж байгааг эдгээр зорилт нь илтгэдэг.




1944 оны нэгдүгээр сарын 18-нд Вена хотод мэндэлсэн Александр Ван дер Беллен хүүхэд насаа Тироль мужид өнгөрөөжээ. Түүний ээж нь эстони, аав нь дани гаралтай хүн юм. Тухайн үеийн ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Бүгд найрамдах улсуудад амьдарч байгаад олон удаа дүрвэсний эцэст тэдний гэр бүл Австрид ирж суурьшсан байна.


Александр Ван дер Беллен 1950-1954 онд Инсбрук хотын бага сургууль, 1954-1962 онд Инсбрук академийн гимнази (дунд сургууль), 1962-1970 онд Инсбрукийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцаж, 1970 онд докторын зэрэг хамгаалжээ. Улмаар 1972-1974 онд Берлиний Нийгмийн шинжлэх ухааны төвд судлаач, 1968-1975 онд Инсбрукийн их сургуулийн Төрийн санхүүгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтан, 1976-1980 онд Инсбрукийн их сургуулийн дэд профессор, 1990-1994 онд Венийн их сургуулийн Нийгэм, эдийн засгийн шинжлэх ухааны сургуулийн деканы орлогч, декан, 1980-2009 онд Венийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн профессороор тус тус ажиллажээ.


Австрийн ногоонтнуудын холбооны хэвлэлийн төлөөлөгчөөр 1997 оноос ажиллахдаа тэрбээр намынхаа Үндэсний зөвлөл /парламент/ дэх бүлгийг даргалж байв. Тэрбээр 1994-2012 онд Үндэсний зөвлөлийн гишүүнээр, 2012 оноос Вена мужийн парламентын гишүүнээр ажилласан бөгөөд 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ногоон намын дэмжлэгтэйгээр бие даан нэр дэвшиж ялсан юм. Ингээд 2017 оны нэгдүгээр сарын 26-нд ерөнхийлөгчийн тангараг өргөжээ.

Улмаар 2022 оны 10 дугаар сард болсон сонгуулиар улиран сонгогдсон юм.



Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч нь ард түмнээс зургаан жилийн хугацаатайгаар сонгогддог. Тэрбээр нийт иргэдийнхээ санал хураалтаар сонгогддог тус улсын цорын ганц төлөөлөгч ажээ. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн жагсаалтыг 1929 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр баталсан байдаг. Австрийн Ерөнхийлөгч нь Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлээс гадна нийгмийн үнэт зүйлсийг дэмжиж, эв нэгдэлд уриалах үүрэг хүлээдэг. Ялангуяа, улс төрийн үйл явцад цөөнхийн оролцоог хангах, ардчиллын зарчмуудыг хамгаалах үүрэг хүлээдэг ажээ. 

Связанные новости