АНУ, Хятадын Гадаад хэргийн сайд нар уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МЮНХЕН, 2024 оны хоёрдугаар
сарын 17 /Reuters/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй баасан гарагт
Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр уулзаж, Тайванийн хоолой, Украины дайн, Ойрхи Дорнод зэрэг олон асуудлаар хэлэлцжээ.
Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллерийн мэдээлснээр, хоёр тал харилцаа холбооны шугамыг нээлттэй байлгах,
харилцаан дахь өрсөлдөөнийг хариуцлагатай зохицуулах чиглэлд гаргаж буй хүчин
чармайлтын хүрээнд хоёр талын
хийгээд бүс нутгийн, цаашлаад
дэлхий нийтэд тулгамдаж буй олон
асуудлаар илэн далангүй, бүтээлч яриа
хэлэлцээ өрнүүлсэн байна.
Э.Блинкений хувьд мансууруулах бодисын эсрэг хамтран тэмцэх, цэрэг армийн хооронд шууд харилцаа холбоог
сэргээх зэрэг Вудсайдын дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог
үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэснийг М.Миллер уламжилжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга мөн Тайванийн хоолой, Өмнөд Хятадын тэнгист энх тайван, тогтвортой байдлыг хадгалахын чухлыг онцлон тэмдэглэж, талууд бүс нутаг болоод дэлхий дахинд тулгамдаж буй олон асуудлаар хэлэлцсэн байна. Хоёр тал мөн Ойрхи Дорнод болон Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар санал солилцож, хоёр талын холбогдох өндөр албан тушаалтнууд эдгээр асуудлаарх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхийн тулд уулзаж байх хэрэгтэйг нотолжээ. Улмаар хоёр орны Гадаад хэргийн сайд нар ирэх саруудад зөвлөлдөх болон дээд түвшний уулзалтууд хийхээр тохиролцсон байна.